ЭМГЭНЭЛ

Dadam-darga-sited.jpg

Бидний дотны удирдагч, хамтран зүтгэгч Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны орлогч дарга Р.Дадам нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Бидний хамгийн эрхэм хүн хурандаа Р.Дадам нь хариуцсан бүхий л ажил үйлсдээ чин сэтгэлээр зүтгэж ирсэн, Онцгой байдлын байгууллагын шилдэг удирдагч байсан төдийгүй хамт олондоо бахархан дуурайх үйлстэн байлаа.

Хурандаа Р.Дадам нь 1961 онд Ховд аймгийн Буянт суманд Рэнцэнгийн бага хүү болон мэндэлжээ. 1969-1979 онд 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1979-1981 онд Бүгд Найрамдах Польш Улсад хэлний бэлтгэл, 1981-1986 онд Монгол Улсын их сургуулийн Политехникийн дээд сургууль, 2000-2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр.

1986-1987 онд Хүүхдийн хувцасны 2 дугаар үйлдвэрт механик, 1987-1990 онд мөн үйлдвэрт ерөнхий инженер, 1990-1996 онд орлогч дарга, 1996-2000 онд “Дөрвөн Уул”   ХК-д захирал, 2000-2004 онд “Хүнс трейд” ТӨҮГ-т ерөнхий захирал, 2005-2008 онд Онцгой байдлын ерөнхий газрын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, 2008-2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү аж ахуй, үйлчилгээний газрын Хангалт, үйлчилгээний хэлтсийн дарга, 2012-2013 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалтын төвийн захирал, 2013-2014 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Сургалт эрхэлсэн захирагчийн орлогч, 2014-2015 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, 2015-2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын  газрын дарга, 2017 оноос Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны орлогч даргаар улсад тасралтгүй 30 жил ажиллаж байлаа.

Түүний улс эх орондоо оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Чингис хааны мэндэлсний 800 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Үйлдвэр худалдааны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж байлаа.

Эрхэм таны минь шаргуу, хөдөлмөрч, үнэнч шударга, ажилч хичээнгүй, өгөөмөр энэрэнгүй, даруу төлөв, тусч зан, улс эх орондоо зориулсан үйлс, Онцгой байдлын албаныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн чин сэтгэл бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд,

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн

 

scroll to top