М.Алтанцэцэг
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар хаана хэдэн түймэр гарч байна вэ?
-Зургаадугаар сарын 29-ний мэдээгээр, улсын хэмжээнд он гарсаар нийт 127 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Яг одоогийн байдлаар найман түймэр асч, ес нь цурманд байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Булганы Бугат, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал сум, Дорнод аймгийн Халхгол сумдад түймэр асч байна. Эдгээр түймрийн голомтод нисдэг тэргээр нэмэлт хүч хүргэсэн. Онцгой байдлын 115 аврагч гал сөнөөгч, орон нутгаас 130 орчим хүнийг дайчлан ажиллуулж байна. Харин цурманд оруулсан ч бүрэн унтраахаар 231 алба хаагч, орон нутгийн 200 гаруй иргэд ажиллаж, цурмаа манаж байна.
-Түймэр хэт халалтын улмаас гарч байна уу, хүний буруутай үйлдлээс болов уу?
-Түймрийн эзэн, шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоох чиг үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдийн байдлаас харахад дийлэнх түймэр иргэдтэй холбоотой гарсан. Ерөнхийдөө иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас үүсч байна. Галын гурвалжин гэж ярьдаг. Тэрний нэг халалт. Энэ ч нөлөөлнө.
-Ихэнх түймэр хүний үйл ажиллагаанаас хамаардаг гэлээ. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?
-Цагдаагийн байгууллагынхан гал гарсан шалтгаан, нөхцөлийг тодорхойлсны дараа хариуцлагын талаар ярьдаг. Ер нь түймрийн хамарсан талбай, учруулсан хор хохирлоос хамаарч хүлээлгэх хариуцлага өөр. Захиргааны арга хэмжээ авах, хохирол нөхөн барагдуулах арга хэмжээ авдаг. Гэхдээ хэд хэдэн уулыг хамарсан их түймрийн байгаль, экологид учруулсан хохирлыг төлүүлнэ гэдэг хэцүү.
-Баянхошуунд түймэр гарсан уу. Нийслэлийн хойд хэсэг өчигдөр /уржигдар/ их утаатай харагдсан.
-Ойрын хэд хоногт нийслэлийн ойр орчимд ямар нэгэн түймэр, байшин барилга шатсан гэх дуудлага ирээгүй.
-Өчигдөр /уржигдар/ орой мөндөр орсон гэсэн үү?
-Зургаадугаар сарын 28- ны 21.00 цагийн орчим Орхон, Булган аймгийн зааг нутгаар хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас цахилгааны шон унаж, баруун чиглэлийн зарим аймаг цахилгаангүй болсон. Эрчим хүчний байгууллагаас ажлын хэсэг гарч гэмтлийг засч байгаа. Булган, Орхон аймгийн Онцгой комисс газар дээр нь ажиллаж хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна. Хүн хохироогүй. Харин мал усанд урссан.
-Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангайд хүчтэй хуй босч таван айлын гэр унасан мэдээлэл байсан. Ер нь хүчтэй хуй салхи, аадар бороо орох эрсдэл их байх шиг.
-Цаг агаарын төлөв байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байна. Монгол эх газрын уур амьсгалтай учир далайн оронд гардаг хүчтэй хуй салхи тохиолдохгүй гэж өмнө нь бид боддог байлаа. Гэтэл Архангай аймагт 2013 онд маш хүчтэй хар салхи дэгдсэн. Цаг агаарын төлөв байдлаас хамаарч маш жижиг талбайд их хэмжээний устай бороо орох, аадар, мөндөр буух тохиолдол нэмэгдэж байгааг анхаарахгүй байж болохгүй. Сэлэнгэ аймгийн Зэлтэр суманд атгасан гар шиг хэмжээтэй мөндөр орж байв. Энэ жил аадар бороо бага учраас аянга цахилгааны аюул харьцангуй бага байна. Гэхдээ долоодугаар сарын дундаас хойш хүчтэй аадар бороо орж болзошгүй.
-Цаг агаар ирэх сард ямар байх бол?
-Сарын эхээр дийлэнх нутгаар хур тунадастай. Зарим хэсэгт дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орох урьдчилсан мэдээг цаг агаарын байгууллагаас гаргаж, иргэдэд анхааруулж байгаа.
-Гол усны түвшин хэр байна вэ?
-Яг одоогоор үерийн төвшинд хүрсэн гол мөрөн алга. Гэхдээ хүмүүс усанд осолдох тохиолдол олон байна. Өнөөдрийн байдлаар 47 хүн усанд осолдсон, үүнээс 10 нь хүүхэд. Хоёр, гурван настай хүүхэд усанд осолдсон. Мал усалдаг худагт унаж амиа алдсан гээд усны дуудлага сүүлийн үед өдөр бүр ирж байна. Карьерт хүүхэд эндсэн. Карьерийн ус их хүйтэн байдаг онцлогтой. Огцом хүйтэн усанд орох үед хүний шөрмөс татчихдаг. Тэгээд живдэг. Хараа хяналтгүйн улмаас хүүхдүүд усанд амиа алдаж байгааг дахин, дахин сэрэмжлүүлье. Өнгөрсөн онд болсон гашуун түүхийг эргэн сануулмаар байна. Хөдөө өвөөгийндөө очсон нялх хүүхэд голын эрэг дээр мөлхөж яваад осолдсон. Тэрэлжид амрахаар очоод аав, ээж нь хөзөр тоглож байхад хүүхэд нь бас мөлхөж очоод усанд осолдсон харамсалтай хэрэг болсон. Говийнхон хангай газар очиж амардаг. Тэгээд усанд хөл алдаж живдэг, хүүхдүүд бие биеэ аврах гэж яваад хамтдаа осолддог. Удахгүй баяр наадам болно. Энэ үед усны осол нэмэгддэг.
-Тэр голд сэлбэл аюулгүй, тэр нь эрсдэлтэй гэж гол мөрнийг ялгадаг уу?
-Гал, усанд ам гардаггүй гэж манай өвөг, дээдсийн үг байдаг. Жижиг булаг шанд ч үерлэвэл амь насанд аюултай. Тэр гол гайгүй, усанд орж болно гэж ялгаж ерөөсөө болохгүй.
-Ахуйн осол, түймэр хэр байгаа вэ?
-Харьцангуй бага байна.
-Архи, ундааны шилээ зугаалж яваад хаячихдаг. Тэр нь халуунд гал ноцоож түймэр гарч байгаа гэдэг үнэн үү?
-Магадгүй. Гэхдээ нарийн тогтоох ёстой. Мэргэжлийн хүмүүсийн хувьд сургаар ярьж болохгүй.
-Та нисдэг тэргээр нэмэлт хүч хүргэсэн гэсэн. Нисдэг тэрэгний хүрэлцээ, та бүхний ажиллах нөхцөл бололцоо өмнөхөө бодвол сайжирсан уу?
-Онцгой байдлын алба хувьдаа нисдэг тэрэггүй. Бид зэвсэгт хүчний нисдэг тэргийг түрээслэдэг. Ой хээрийн түймэр, усны осол, химийн болон тэсрэх бодис гээд тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл хүрэлцэхгүй тохиолдол байна. Хөвчид гарч байгаа түймрийг унтраах гэж арван литр ус үүрээд 100 км газар алхаж очино. Хоёр, гурван хоног алхаж очоод аравхан литр ус хэсэгхэн хугацаанд л цацдаг. Гэтэл гаднын орнууд нисдэг тэргээр усыг соруулж аваачаад унтрааж байна. Гэхдээ Монгол орны нөхцөл байдлыг судалж, судалгааны үндсэн дээр ямар тоног төхөөрөмж ашиглахаа тогтоох хэрэгтэй. Ус тээвэрлэгч, уул хаданд явдаг машин техник бидэнд хэрэгтэй. Улаанбаатарын гал унтраах автомашины парк шинэчлэлийг 80-90 хувь хийсэн. Гэхдээ суурин газрын гал унтраах зориулалттай машин ой хээрийн түймэрт явж дөнгөхгүй нь мэдээж. Үнэхээр хүчин чадал мөхөсдөх байдал тулгарах тохиолдол олон гардаг.
-Байгаль цаг уурын хувьд ижил төстэй орны онцгой байдлын албатай өөрсдийгөө харьцуулбал ямар нөхцөл байдалд ажилладаг гэж дүгнэх вэ?
-Зөвхөн ОХУ-тай харьцуулъя. ОХУ-д ойн түймрийг унтраах ажлыг Ойн газар нь хариуцдаг. Хамгийн наад зах нь тэд өглөө 9.00-18.00 цагийн хооронд ажиллаад л хөдөлмөрийн цагийн хуваарийн дагуу буугаад яваад өгдөг.
-Түймэр нь унтраагүй ч байсан уу?
-Түймэр унтраагүй ч байсан хамаагүй. Бид Сэлэнгэ, Булганы зааг нутгаар Оросын талтай хамтарч түймэр унтрааж байсан. 18.00 цаг болоод л яваад өгнө. Хөдөлмөрийн цаг дууссан бол буух дүрэмтэй. Бид бүр гайхдаг юм. Гэтэл манай аврагч нар шөнө ч ажиллана. Бүр 24 цаг зүтгэдэг. Хөдөлмөрийн цаг гэж байхгүй. Наад захын ялгаа энэ. Түймэр унтана гэж байдаг. Шөнө агаарын температур багасахаар түймэр намжиж, эрч нь багасдаг. Тийм унтаа үеийг ашиглан унтраах гэж манайхан зүтгэдэг. Өдөр бол маш хүчтэй, ойртохын аргагүй байдаг.
-Бахархмаар, өрөвдмөөр ер нь хэцүү ажил юм.
-Манай алба хаагч Сэлэнгэд зөвхөн байгалийн ногоо идээд 20-оод хоног ажилласан тохиолдол ч бий. Биеэс нь бүр ногоо үнэртээд байсан. Алба хаагчид маань тэгтлээ зүтгэдэг юм шүү дээ.
-Түймэр унтраана гэдэг усаар шүршиж, эд зүйлээр цохихын нэр биш. Мэргэжлийн нарийн төлөвлөгөөний дагуу ажилладаг юм байна лээ, тийм үү?
-Түймэр унтраах арга зүй их нарийн. Ойн болон хээрийн түймэр өөр. Хээрийн түймэрт салхины чиглэл гэнэт эргээд, нутгийн иргэд, аврагч нар өөрсдөө галд өртөх эрсдэлтэй. Тиймээс олон арга хэлбэрээр унтраадаг. Ойн түймэр гэхэд гурван төрөл байна. Маш хүчтэй салхитай үед модны орой хэсэг нь шатаад явчихдаг. Үүнийг титмийн түймэр гэнэ. Хөрсөн дээрх, хөрсний доорх гэж өөр. Хөрсөн доор гарсан түймрийг ухаж төнхөж үндсийг нь тасалж унтраадаг. Үндсийг нь таслахгүй бол газар доогуур шатаад хүлэрийн түймэр болдог. Мод дэлбэрдэг гэж сонссон уу.
-Үгүй.
-Мод дэлбэрээд модны цучил Сэлэнгэ мөрөн дээгүүр даваад цаад талд нь гал гарч байсан тохиолдол бий. Шатаж байгаа шувуу түймрийн голомтоос нисч гараад шинээр түймэр гаргадаг. Зарим түймрийн үед халуун нь цельсийн 600 градус хүрдэг. Тэр рүү хүн яаж ойртох юм.
-Тэгээд яаж ойртдог юм бэ. Саяхан “Говь” компанийн дээвэр шатахад аврагчид галын дэргэд харагдаж байсан.
-Алба хаагчдын ахуйн түймэр дээр ажиллахдаа халуун тэсвэрлэдэг хувцас хэрэглэл байдаг. Малгай бээлий, гутал гэх зэрэг нь тодорхой температурыг тэсвэрлэдэг юм.
-Ер нь аврагч нарт эрсдэл тохиолдвол яах вэ?
-Голомтод ажиллаж байсан аврагч нар маань эрсэдсэн гашуун тохиолдол бидэнд бий. Тиймээс нөхцөл байдал, газар орноо зөв үнэлэх хэрэгтэй. Бие биеэсээ хэт хол тасарч болохгүй. Ганцаараа 20-30 метр тасраад утаа униарт төөрөх зэрэг эрсдэл гардаг. Тиймээс аврагчийн өөрийнх нь аюулгүй байдлыг нэгд тавьж ажиллах стандарт байдаг. Энэ хүрээнд ажилладаг.
-Нисдэг тэрэгтэй болъё гэвэл ямар үнэ өртөгтэй байдаг вэ?
-Том жижгээсээ шалтгаалаад дэлхийн зах зээл дээрх үнэ өртөг өөр. Дөрвөн жижиг нисдэг тэрэг 20 сая ам.доллар. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шадар сайдтай хамтран нисдэг тэрэгтэй болохоор хөөцөлдөж байгаа.
-Аврагчид төрөлжиж аврах ажиллагаа хийдэг үү. Алийг нь ч хийх чадвартай байх ёстой юу?
-Тусдаа. Гал унтраах ангийн аврагч усанд аврах ажиллагаа хийхгүй. Тусгай бэлтгэгдсэн усчин, аврагч гүйцэтгэнэ. Усчин, химийн, тэсэлгээчин, холбоочин, шүхэрчин гээд долоогоос найман өөр чиглэлээр ажилладаг. Аврагч жолооч гэж ч бий.
-Та мэргэжлийн хүний хувьд иргэдэд юу гэж хэлэхийг хүсч байна вэ?
-Усны осол маш их нэмэгдэж байна. Аюулгүй байдлаа хангаач ээ. Хувь хүний аюулгүй байдал гэдэг бол төрд, онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр юм. Та өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж бидэнд дэмжлэг үзүүлээч. Бид цөөхүүлээ. Хүүхдүүдээ хайрла. Тэднийг бүү эрсдүүлээч гэж гуймаар байна. Татсан тамхиа унтраачихдаг, эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг соёлтой байгаач. Гамшгийн соёл гэж ойлголт байдаг. Японд яаж ч газар хөдөлж байсан, иргэд нь үймж сандарч бужигнадаггүй. Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж, маш өндөр сахилга зохион байгуулалттай байдаг. Тиймээс эрсдэл буурч, богино хугацаанд сэргээн босгож чаддаг. Бас нэг зүйл байна. Гамшгийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоо маш чухал байдаг. Дахиад японы жишээ авъя. Японд,айлууд ээлжилж шөнө гудамжны үзүүрт зогсоод хүүхдүүдээ тосч аваад гэр гэрт нь оруулаад өгчихдөг. Манайхан ч, миний амьдарч байгаа газар эрсдэлтэй хүчин зүйл юу байна. Тэр эрсдэлийг бууруулах юухныг ч болов хийдэг байх хэрэгтэй. Гэрлийн шон налсан бол тэгшил, өвөл уруу газар халтираад байгаа газар чулуу ч болов суулгаад шат гаргачих. Энэ бол иргэний оролцоо. Өөрийнхөө аюулгүй байдлын төлөө хэнийг ч битгий хүлээ. Зөвхөн өөрөө л хий. Улаанбаатарт их хэмжээний газар хөдлөлт боллоо гэхэд онцгой байдлын аврагчид хаана ч хүрэлцэхгүй. Харин та өөрийгөө хамгаалж чадна. Үүнийг хүн бүхэн ойлгох цаг болсон.
Эх сурвалж: Монголын үнэн сонин. 2017.06.30