2017 оны хагас жилийн байдлаар зөвхөн усны ослоор 58 иргэн амь насаа алдсан байна

DSC_0753.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 06, 07-ны өдөр төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохоор байна.

Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзул нар оролцсон юм.

     Өнөөдрийн байдлаар гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус,  худгийн ус зэрэгт 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүрэгт 58 хүн амь насаа алдсаны 12 нь бага насны хүүхэд байна.

    Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31-ээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмаар олон хоног амралтын өдрүүд тохиох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

 

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд119 удаа, нийт 135 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан түймрийн тоо 33-аар буюу 30 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 17478 га буюу 81 хувиар өссөн, хээрийн талбай 507349 га буюу 1 дахин буурсан үзүүлэлттэй байна.

135 удаагийн эдгээр гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 2225 албан хаагч, 240 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3406 иргэн, 360 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6258 хүн, 637 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 161 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар:

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймаг Ерөө суманд 1 түймэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1, нийт 2 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр асаж байгаа байдалтай байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 40 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 56 иргэн, 8 автомашин нийт 96 хүн, 1 нисдэг тэрэг, 12 автомашин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top