Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Сүхбаатар аймагт түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, “Газарчин” дээд сургуулийн зүүн талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 06:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр  унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, нэмэлтээр Гал түймэр  унтраах, аврах 10, 35 дугаар ангиудын 16 алба хаагч, 4 автомашинтай, нийт 24 алба хаагч, 6 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 00:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр  унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /27 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Орхон сум, Мааньт багийн ”Түймэрт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 22 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09–ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.10-ны өдрийн 12:50 цагт цурманд оруулж, 20:15 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хорийн даваа” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 08:00 цагт цурманд оруулж, 20:50 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 27 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Ат гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 05:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 35 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 16 иргэн, Төв аймгийн Батсүмбэр сумын 19 иргэн, нийт 42 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга: Архангай аймгийн Булган сум, Тамир багийн “Өргөн гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ 2017.07.10-ны өдрийн 18:00 цагийн үед аянга бууж 4 хот айлын 140 бог мал ниргүүлж хорогдсон. Онцгой байдлын газраас 8 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр үхсэн сэг зэмийг булж, ариутгал халдваргүйтгэл хийж ажилласан тухай мэдээллийг 07.10-ны өдрийн 21:55 цагт ГТУХБайцаагч ахлах дэслэгч А.Тавхайдорж, сумын Засаг дарга Г.Давааням нар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 12 дугаар ус түгээх худгийн хойд талд хайрганы үйлдвэрийн тогтоол усанд хүн живж осолдсон тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /29 настай, эрэгтэй/ живж нас барсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, мал бордохын баруун урд талд хайрганы үйлдвэрийн тогтоол усанд хүн живж осолдсон тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн О /28 настай, эрэгтэй/ живж нас барсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхон багийн “Өргөн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ 10-87 ГАА улсын дугаартай, УАЗ фургон загварын автомашин “Орхон” голд суусан тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 23:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж автомашиныг голоос татан гаргаж гадаадын 10 зорчигчийг аюулгүй болгон сумын төвд авчирсан.

6.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top