Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Орхон, Хэнтий аймгийн нутгаар бороо, зарим газар мөндөр орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 33-38 градус, бусад нутгаар     27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-17-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Нисэх баг “Сод Монгол” ХХК-ийн ШТС-ын түгээгүүрийн хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 21:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 00:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр, нас, хүйс, оршин суух хаяг тодорхойгүй 1 хүн өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 08:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн “Хутаг-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 26 алба хаагч, орон нутгийн 1 иргэн, нийт 33 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, “Үхэрчин-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 17 алба хаагч, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.12-ны өдрийн 17:39 цагт түймрийг бүрэн унтрааж, “Тэргүүн тэлмүүн” ойн нөхөрлөлийн даргад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Ат гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 05:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 35 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.12-ны өдрийн 09:56 цагт түймрийг бүрэн унтраасан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 48 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 61 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 49 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 72 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:35 цагт цурманд оруулсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн “Дүүрэн уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 15:24 цагт хүлээн авч НОБГ-ын 57 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.11-ний өдрийн 20:10 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Уст тохой багийн иргэн А /62 настай, эмэгтэй/  07.10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон өмсөж явсан 2 гутал нь Ховд голын эргээс олдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 15:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 68 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус багийн “Долоон гатлага” гэдэг газраас /осолдсон газраас 6 км зайд/ цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Баяннуур сум, Шар тал багийн “Бага-Агьт” гэдэг газар Туул голын усанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн Т /27 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 21:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, осолдсон газраас цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхон багийн “Намагт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ 00-21 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд-200” загварын суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гаргасан.

5.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top