Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгийн аймгийн нутгаар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 17-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 35-40 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, 34-36 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн Өгөөмөр гудамжинд байшин шатаж байна  дуудлагыг 07.14-ний өдрийн 18:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 13:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Чандмана” гэдэг газар өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, Цагаанхайрхан сумын 6 иргэн, Алдархаан сумын 19 иргэн, нийт 39 хүн, 6 автомашинтайгаар унтраахаар ажиллаж байна

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сум, Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 техник хэрэсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 48 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 61 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төмөр замчид багийн “Гүнжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 49 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум,  Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30  км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 28 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 72 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 60 иргэн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн “Дүүрэн уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 15:24 цагт хүлээн авч НОБГ-ын 57 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.11-ний өдрийн 20:10 цагт оруулан бүрэн унтраахаар ажиллаж 07.14-ны өдрийн 15:00 цагт унтраан,  Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Өвөрхангай аймгийн Хархорин сум, Онгоцон-Ухаа багийн “Долоон бургас” гэдэг газар Архангай аймгийн Өгийннуур сумын төвөөс Өвөрхангай аймгийн  Хархорин сумын чиглэлд  зорчиж явсан 74-57 УБТ улсын дугаартай суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн иргэн Г /25 настай, эрэгтэй/, А /24 настай, эрэгтэй/ нарыг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Хархорин сумын эмнэлэгт хүргэж ирсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Тариат сум, Цагааннуур багийн  “Майхан толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ Тэрхийн цагаан нуурын усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн О /34  настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 02:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.15-ны өдрийн 07:35 цагт цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Тэшиг сум, Харгал багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар Эгийн голын усанд тус сумын харъяат иргэн О /23 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 завь, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Булган аймгийн Хангал сум , Хялганат тосгоны 4 дүгээр багийн “Пором” гэдэг газар Сэлэнгэ голын усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/, Хангал сумын харъяат Ч /17 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч 07.14-ний өдрийн байдлаар иргэн М /25 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 10:15 цагт “Хоногийн хар-Ус” гэдэг газраас, Ч /17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 17:50 цагт “Пором” гэдэг газраас тус тус олж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Хатгал сум, “Гүүрний-Ам” гэдэг газар /тосгоноос урд зүгт 5 км-т/ Эгийн голын усанд Дархан-Уул аймгийн харъяат  С /1.5 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж С /1.5 настай, эмэгтэй/-г уснаас эсэн мэнд гаргаж эмнэлгийн тусламж үзүүлэн Хатгал тосгоны эмнэлэгт хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top