Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдахтай холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд нйслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн 1, объектын гал түймрийн 52, аврах ажиллагааны 8, аюулт үзэгдэл, ослын нийт 61 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж болзошгүй аюулаас 12 хүний амь биеийг авран, хамгаалж ажиллалаа.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 25.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 1024 цэгт гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 12, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 10, нийт 22 албан хаагч, нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах 10, 34, 63 дугаар ангийн 38, нийт 85 албан хаагч, тусгай зориулалтын 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж галын аюулгүйн норм дүрэм, стандартыг зөрчсөн 462 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 271 зөрчлийг арилгуулав.
Харин Хүй долоон худаг дахь морь барианы газарт Нийслэлийн аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн нийт 21 албан хаагч 11 автомашин техник хэрэгсэлтэй хамгаалалтын үүрэг гүйцэтгэн, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч болон Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар 5800 гаруй санамж, сэрэмжүүлгийг ард иргэдэд хүргэж, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 225 гэрт гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг явуулан нийт 72 зөрчлийг илрүүлж арилгуулах арга хэмжээг авч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.