Б.Ууганбаяр: Түймрийн голомтыг Онцгой байдлын газар хяналтдаа авсан

01604.jpg

Улсын хэмжээнд асаж байгаа түймэр болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.

-Улсын хэмжээнд 22 газар ой хээрийн түймэртэй байна гэсэн мэдээлэл байгаа. Түймэр унтраах ажил хэрхэн явагдаж байна?

-Нийтдээ 120 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдөр 22 түймрийн голомт байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гурван, Ерөө, Мандал суманд нийт есөн түймрийн голомт байна. Булган аймагт хоёр түймрийн голомт байна. Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймрийн голомт байна. Мөн Эрдэнэ суманд нэг түймрийн голомт байна. Хамгийн сүүлд авсан сансрын зураглалаар Эрдэнэт сумын Асгат хайрханы орчинд 4-5 түймрийн голомт харагдсан. Тиймээс нийтдээ 22 түймрийн голомт  байна гэсэн үг. Эдгээр түймрийн голомтод онцгой байдлын бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Одоогоор 370 орчим албан хаагч түймэр унтраах ажлыг гардан зохион байгуулж байна. Онцгой байдлын ерөнхий газраас шийдвэр гаргаад ой хээрийн түймрийн нөхцөл байдал харьцангуй тайван аймгуудаас хүч хэрэгслээ татсан. Тухайлбал, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгуудаас хүч хэрэгслүүдээ татсан.

-Түймрийн голомт руу нисдэг тэргээр албан хаагчдаа хүргэсэн шүү дээ?

-Асгат хайрханд асаж байгаа түймэрт дөнгөж саяхан /өчигдөр/ нисдэг тэргээр албан хаагчдыг буулгалаа гэсэн мэдээлэл ирсэн. Үүнд манай аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн ажиллахаар томилогдсон. Түймэр харьцангуй тайван газраас ирсэн бие бүрэлдэхүүн маань Төв аймгийн Батсүмбэрт гарсан түймэр дээр ажиллахаар явж байна. Бусад бүрэлдэхүүнээ хүндрэлтэй газраа ажиглуулахаар явуулсан. Ер нь 22 түймрийн голомтыг Онцгой байдлын газар хяналтдаа авсан унтраах ажлыг орон нутгийн хүч хэрэгсэл, цагдаа, хилийн цэргийн байгууллага , нэмэлт бусад хэрэгсэлтэй хамтраад ажиллаж байгаа. Түймэр шуурхай унтраах ажлын хүрээнд Улсын онцгой байдлын хэлтэс хуралдсан. Улсаас тодорхой шийдвэрүүд гарсан. Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн хамт Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомт дээр нөхцөл байдалтай танилцахаар ажилласан. Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Мандал суманд түймрийн нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

-Улсын онцгой комисс хуралдан ямар үүрэг, даалгаврууд гаргасан бэ?

Онцгой байдлын газар өөрсдийн бүхий л боломж хэрэгслийг түймрийн голомт дээр ажиллуулж байгаа. Улсын онцгой комисс чиглэл чиглэлээр үүрэг даалгаврууд гаргасан. Батлан хамгаалах чиглэлээр шаардлагатай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн машин техникээ бүрэн байдлыг хангаад байж байна. Хууль зүйн яам эзэн шалтгааныг яаралтай тогтоон хариуцлага тооцох шаардлагатай байна. Эрүүл мэндийн яам тэнд ажиллаж байгаа албан хаагч, иргэдийн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. Зам тээврийн сайдад шаардлагатай бол ОХУ-аас нисдэг тэрэг болон бусад түймэр унтраах шаардлагатай унтраах шаардлагатай техник хэрэгслийн талаар яриа өрнүүлээч ээ, ОХУ-ын  онцгой байдлын байгууллагатай шуурхай холбогдоод нисдэг тэрэг асуудлыг зохион байгуулах арга хэмжээг авах, орон нутгийн Засаг дарга нар түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулж хүн хүчний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс, бусад зүйлийн дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй гэдэг тодорхой чиглэл даалгавар Онцгой байдлын комисс өгсөн.

Б.Ууганбаяр: Түймрийн голомтыг Онцгой байдлын газар хяналтдаа авсан

-22 газарт ой хээрийн түймэртэй байгаа. Үүнээс цурманд оруулсан газар байгаа юу?

-Сая /өчигдөр/ Батсүмбэрт асаж байсан нэг түймрийг цурманд орууллаа. Эрдэнэ суманд гарсан түймрийг цурманд оруулах дөхөж байна. Түнхэл, Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.

-Хүн хүчний хувьд хангалттай байгаа юу. Иргэд цахим сүлжээнд нэгдэн түймрийн голомт руу туслахаар явж байгаа?

Сүхбаатарын талбайд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзсан. ОБЕГ дээр тодорхой залуус уулзсан байгаа. Түймэр унтраах арга ажиллагааг онцгой байдлын газар эхлээд өөрсдийн бүх хүч хэрэгслээр ажиллаж байгаа. Хүч хүрэхгүй байгаа тохиолдолд буюу онцгой байдал, гамшгийн байдал үүссэн нөхцөлд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болох зэвсэгт хүчин, цагдаа, шүүхийн байгууллагууд бидэнтэй хамтран ажиллах гэрээ төлөвлөгөө байдаг.  Үүний дагуу ямар хүч хэрэгсэл, хэчнээн тоогоор гаргахаар заагдсаныхаа дагуу дараагийн нэмэлт хүч хэрэгслээ татаж ажиллуулна. Үнэхээр том нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газрын тогтоолын дагуу хүн хүч ард иргэдээсээ дайчилгаа зохион байгуулж явуулдаг гурван шаттай арга хэмжээ. Гэтэл зарим талаараа иргэд үүнийг дутуу ойлгосон байж магадгүй. Манай иргэд түймрийн голомтод очиж ажиллаж хандив тусламж үзүүлье гээд үүнийгээ сошиалаар өрнүүлээд зохион байгуулалттай арга хэмжээг авч байна. Энэ чиглэлд дэмжиж ажиллая гэдэг уриалгыг Засгийн газар, Улсын онцгой комисс, онцгой байдлын байгууллага дэмжиж байгаа. Талархан хүлээж авч байгаа. Гэхдээ би эдгээр залуустай уулзахдаа тодорхой зүйлийг ярьж, тайлбарлаж ойлгууллаа. Нэгдүгээрт түймрийн нөхцөл байдлын талаар ярилаа. Хоёрдугаар онцгой байдлын байгууллагын ажиллаж байгаа хүч хэрэгслийн талаар тодорхой тайлбар өглөө. Гуравдугаарт түймэр унтраах ажил зохион байгуулахад ямар хүндрэлүүд байдаг юм бэ, түймэр гэдэг маань ямар нөхцөл байдалд байдгийг тайлбарлаж өглөө.

-Тодруулбал?

-Ойн түймэр унтраах бол хүндрэлтэй байдаг. Ой түймэр гурван аргаар шатдаг. Заримдаа зөвхөн модны үзүүр хэсгээр маш хурдтай салхинд хөөгдөж байгаа мэт шатаад алс хол явдаг. Үүнийг бид титмийн түймэр гэдэг. Бид энд унтраах ажиллагаа зохион байгуулж байхад дээгүүр ассан түймэр цурам даван шатаад явдаг нөхцөл байдал байдаг. Мөн хөрсний доорх түймэр. Модны үндэс хөвд зэрэг газар доор том хонгил үүсээд 10-50 метр газар шатаад явдаг. Бид энд цурам татаад явж байхад цурман доогуур нөгөө талд түймэр гарах тохиолдол байна. Хамгийн сүүлд хөрсөн дээр ил гарч байгаа түймэр. Энэ мэтчилэн ойн түймрийг унтраахад хүндрэлтэй зүйлс их.

Салхитай хуурайшилт ихтэй байгаа учраас одоохондоо ард иргэд түймрийн голомт дээр очоод ажиллахад хараахан нөхцөл байдал нь биш гэдгийг тайлбарлаж өглөө. Өнөөдөр онцгой байдлын газар ард иргэдийнхээ амь насыг хамгаалах үүрэгтэй. Түймрийн голомт дээр очоод амь нас нь эрсдвэл яах вэ, замдаа явж байгаад осол, аваарт орвол яах вэ. Дээр нь сургалтад хамрагдаагүй хувийн бэлтгэлээ хангаагүй иргэд түймэр унтраана гэдэг бол хүндрэлтэй. Тэнд түймрийн голомт дээр ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бол бүхэлдээ түймрийн голомтоо дагаад ажиллаад явж байгаа. Тэр ирж байгаа ард иргэдийг буцаад түймрийн голомтоос гаран зохион байгуулалттай дагуулж явах бол хүндрэлтэй.

Эх сурвалж: http://eagle.mn/r/32498

scroll to top