“Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээ болон хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бий болгох нь” сэдэвт сургалт семинар Бээжин хотноо болж байна.
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүсийн зөвлөгөөн, БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагтай хамтран зохион байгуулж буй тус сургалт, семинарт Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Н.Ананда нар оролцож байгаа юм.
Түүнчлэн сургалт семинарт Бангладеш, Камбож, Европын Холбоо, Франц, Индонез, Япон, Лаос, Мьянмар, Пакистан, ОХУ, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам, БНХАУ болон Олон Улсын Улаан загалмай, улаан хавирган сарнуудын нийгэмлэг, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албанаас нийт 50 гаруй төлөөлөгч оролцож, газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээ, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр туршлага судалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.