Алба хаагчид сэтгэл зүй, сэргээн заслын эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж байна

20246100_1129673483833050_7499272511862124253_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/171 тушаалын хүрээнд ойн түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Жаргалант” сэргээн засах сувилалд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна.

Тус сэргээн засах сувилал эхний ээлжинд 30 алба хаагчийг хүлээн авч, сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн бөгөөд хоёрдугаар ээлжинд 31 алба хаагчийг хүлээн аваад байгаа юм.

Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрас 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2 алба хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 6 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч “Жаргалант” сувилалд хэвтэн сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ хийлгэж байна.

Онцгой байдлын ерөнхий газар нь “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан хаагчдыг эмчлэн сувилах сэргээн засал, сувилалын төвтэй болсон юм.

Тус төвийн “Жаргалант” сэргээн заслын сувилал нь эдүгээ Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэж байна.

Түүнчлэн тус сувиллаар үйлчлүүлсэн ахмад настнууд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top