Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбар чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүллээ.
Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоол “ISO 9001 стандарт хэрэгжүүлэх”, Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоол “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн хүрээнд Хүнсний нөөцийн салбар нь энэхүү стандартыг нэвтрүүлж байгаа юм.
Энэ талаар Хүнсний нөөцийн салбарын дарга, хошууч Ц.Уранчимэг, “Манай салбар улсын нөөцийн барааг хэрэглэгчдэд аюулгүй хүргэх үүрэгтэй. Олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлснээр тухайн бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага тодорхой болж байна. Нөгөө талаас ханган нийлүүлэгч байгууллагууддаа эргээд шаардлага тавих боломж бүрдэж байгаа юм. Үүний дагуу салбарын есөн ажилтан, алба хаагчийг дотоод аудиторын сургалтад хамруулан, гэрчилгээжүүлсэн. Ингэснээр салбарын үйл ажиллагаанд болон гэрээт хадгалагч байгууллагад дотоод аудит, дотоод хяналт, шалгалт хийж, үл тохирлыг илрүүлэн, боломжит хугацаанд залруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллах боломжтой боллоо. Мөн улсын нөөцийн 34 салбарын бараа, материалыг шинжлэх “Нэгдсэн лаборатори”-ийг байгуулахын зэрэгцээ “Вэритех ХХК”-тай хамтран “Агуулахын удирдлагын систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж байна” хэмээн онцолсон юм.
Дашрамд дурдахад, чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг дэлхий нийтэд 1,300,000 гаруй аж ахуйн нэгж байгууллага нэвтрүүлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.