Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс   5-10 м/с, Алтайн уулсаар түр зуур 18-20 м/с, говь талын нутгаар   12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон, Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос 7-12 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд зарим газар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 14,15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, “Чойр-Сайншанд” чиглэлийн автозам дээр /аймгийн төвөөс урд зүгт 31 км-т/ иргэн Н-ийн эзэмшлийн 27-54 ДГО улсын дугаартай “Камаз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 21:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор багийн “Цоохор” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ Ховд аймгийн Дарви сумын харьяат иргэн Г /49 настай, эрэгтэй/, А /45 настай, эрэгтэй/ нар “Цоохор” нууранд осолдсон тухай дуудлагыг 08:12-ны өдрийн 04:00 цагт хүлээн авч Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Иргэн А-гийн цогцсыг 08.12-ны өдрийн 03:45 цагт орон нутгийн иргэд нуурын эргээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Зэрлэгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 56 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т/ тус сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ “Үүр” голд усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж цогцсыг 08.11-ний өдрийн 10:24 цагт осолдсон газраас 10 км зайд 2 метрийн гүнээс олж, гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн  “Билүүт” гэдэг газар /аймгаас 292 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ОХУ-аас аялалаар явсан 20 хүн /5 автомашинтай/-ээс Москва хотын харъяат иргэн А /46 настай, эрэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт “Баяннуур”-т усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 19 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж цогцсыг 08.11-ний өдрийн 09:15 цагт нуурын эргээс 1.5 км зайд, 12 метрийн гүнээс олж, гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top