Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24,25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 21:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 01:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Гүр Элстэй” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 17:46 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Хужиртын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ “Арбулаг-Мөрөн” сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-гийн эзэмшлийн 89-29 УНУ улсын дугаартай “Хьюндэй Аксент” загварын суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Д /21 настай, эмэгтэй/ дарагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Тэрмэсийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ тус багийн харьяат малчин М /18 настай, эмэгтэй/, А /16 настай, эрэгтэй/ нар 08.19-ний өдрийн 09:00 цагт малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн тус суман дахь 3 дугаар заставын 6 алба хаагч, 2 мотоцикль, 4 морь, орон нутгийн 50 иргэн, 1 автомашин, нийт 56 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, 2 автомашин, 2 завь, нийт 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top