Газар хөдлөлтийн талаар:
Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03:46 цаг (өргөрөг 48012’00’’, уртраг 103056’00’’)-т 3.7 магнитуд, Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт 05 дугаар сарын 24-ний өдрийн 03:42 цаг (өргөрөг 56001’00’’, уртраг 114034’00’’)-т 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд дээрх аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар:
Өвөрхангай аймгийн Төгрөг, Хайрхандулаан сум, Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт “Галзуу” өвчин гарсан тул тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Булган аймгийн Гурванбулаг сум, Өвөрхангай аймгийн Уянга сум, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд гарсан “Галзуу” өвчин, Хөвсгөл аймгийн Их-Уул сумaнд гарсан “Боом” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн Бугат сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Өвөрхангай аймгийн Баянгол сум, Хөвсгөл аймгийн Галт сум, Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай нийт 21 дуудлагаар дээрх Аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 7 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд:
Баян-Өлгий аймгийн Бугат сум, Өвөрхангай аймгийн Баянгол суманд усны осолд өртөж 2 иргэн амь насаа алдсан. Нийслэлийн Баянгол дүүрэгт 1 иргэн байрныхаа цонхоор унаж нас барсан. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан зам тээврийн осолд өртөж 1 иргэн нас барсан. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт обьектын гал түймэрт 2 иргэн өртөж нас барсан.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 32 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.