Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сэлэнгэ, Завхан, Ховд аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын  ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говь, талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа хур тунадас, 24-26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд говь талын нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 23,24-нд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцсийн автобусны буудал, эмнэлгийн урд замын зорчих хэсэгт “Улаабаатар сити такси” ХХК-ийн жолооч Б-гийн 12-43 УНН улсын дугаартай “Элентра” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 11:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 09:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Тариалан сумын Хартолгой багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км-т/ иргэн Б-гийн өвс ачиж явсан 47-98 УВА улсын дугаартай “УАЗ фургон” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Тэрмэсийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ тус багийн харьяат малчин М /18 настай, эмэгтэй/, А /16 настай, эрэгтэй/ нар 08.19-ний өдрийн 09:00 цагт малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн тус суман дахь 3 дугаар заставын 6 алба хаагч, 2 мотоцикль, 4 морь, орон нутгийн 50 иргэн, 1 автомашин, нийт 62 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.21-ний өдрийн 18:00 цагт тус сумын төвөөс баруун зүгт 75 км-т “Нарийн азарга” гэдэг газраас 2 иргэний цогцсыг хаднаас үсэрч нас барсан байдалтай олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т/ уурхайн хиймэл нуурын усанд малчин Л /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 08 21-ний өдрийн  19:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 алба хаагч, 2 автомашин, 2 завь, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа АТА–ийн 8 алба хаагч, 1 автомашин, 1 завь, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн  “Цагаан булаг” гэдэг газар иргэн М /40 настай, эрэгтэй/ худагт унасан тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top