Хууль сахиулахын их сургууль жил бүр эрдэм шинжилгээ, сургалт, практикт тулгамдсан асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга замын талаар дотоод, гадаадын эрдэмтэн, профессор багш, судлаач, практик ажилтнуудын саналыг сонсож, тэдгээрт үндэслэл бүхий санал, зөвлөмж гаргах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, мэдээллийг харилцан солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг.
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвийн дор 2017 оны 9 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тус Их сургууль дээр зохион байгуулах юм.
Иймд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл бэлтгэж, оролцохыг урьж байна.
“ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
2017.05.03 Улаанбаатар хот
Хурлын зорилго: Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны уламжлал, өнөөгийн байдал, чиг хандлага, холбогдох хууль тогтоомж, түүний шинэчлэлт, хэрэгжилтийн талаарх онол, практикийн асуудлыг эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, санал, дүгнэлтийг судалгааны эргэлтэд оруулж, тэдгээрт үндэслэсэн зөвлөмж гаргахад оршино.
Зохион байгуулагч:
- Хууль сахиулахын их сургууль
Хамтран зохион байгуулагч:
- Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хороо
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
- Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн Сан
Хэзээ:
- 2017 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдөр
Хаана:
- Хууль сахиулахын их сургуулийн байранд
Оролцогчдын хамрах хүрээ:
Дотоод, гадаадын хууль сахиулах байгууллага болон эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, хууль зүйн их, дээд сургуулиудын эрдэмтэд, судлаач, профессор багш, ажилтнууд илтгэл ирүүлэх боломжтой.
Илтгэлийн сэдвийн үндсэн чиглэл:
- Хууль сахиулах үйл ажиллагааны уламжлал, шинэчлэл, хөгжлийн чиг хандлага;
- Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбооны зарим асуудал;
- Авлигатай тэмцэх, цагдаа, шүүхийн шийдвэр, хил хамгаалах, иргэний шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэл, статистик, онцгой байдал, гааль, татвар, мэргэжлийн хяналтын зэрэг байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудал;
- Прокурор, шүүх эрх мэдлийн байгууллагын хууль сахиулах үйл ажиллагаанд хамааралтай тулгамдсан асуудал;
- Хууль сахиулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх асуудал;
- Хууль сахиулах салбарын боловсролын тулгамдсан асуудал;
- Гадаад орнуудын хууль тогтоомж, түүнд хийх дүн шинжилгээ;
- Олон улсын хууль сахиулах үйл ажиллагааны тулгамдсан асуудал;
- Хууль сахиулах чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, чиг хандлага;
- Үндсэн сэдвийн хүрээнд хамаарах бусад асуудал.
Илтгэл ирүүлэх хугацаа:
- Илтгэлийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн rdi@leu.gov.mn хаягаар болон цаасан хэлбэрээр хүлээн авна.
- Илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгох бөгөөд тодорхой шалгуураар шалгарсан илтгэлийг хурлаар хэлэлцүүлнэ.
- Илтгэгч нарт мөнгөн урамшуулал олгоно.
Илтгэлд тавигдах шаардлага:
- А4 хэмжээгээр 5-10 хуудас байна;
- Илтгэлийн цаасны хэмжээ А4, тал бүрээс 2.5 см хэмжээтэй, мөр хоорондын зай 1.15, Arial фонтоор 12-оор /MS Word/ бичигдсэн байна;
- Илтгэлийг хэвлэсэн байх ба файл, илтгэгчийн зургийг ирүүлнэ;
- Илтгэлийг эрдэмтэн, судлаач дангаараа болон бусадтай хамтран бэлтгэж, ирүүлж болно;
- Илтгэлийг монгол хэлээс гадна англи эсвэл орос хэлээр бэлтгэн ирүүлж болно;
- Илтгэлийг бэлтгэсэн хэлээс хамаарч илтгэгчийн эрдмийн зэрэг болон цэргийн цол, албан тушаал, илтгэлийн сэдэв, 3-5 өгүүлбэрт багтаан бэлтгэсэн товч агуулга, түлхүүр үгсийг дараах байдлаар орчуулж ирүүлнэ үү.
Илтгэл бэлтгэсэн хэл: | Орчуулах хэл: |
Монгол | англи |
англи | монгол |
орос | монгол, англи |
Холбогдох мэдээллийг 7015-5004, 7015-5034 дугаарын утсаар холбогдож лавлана уу.
Цахим хуудас: http://www.leu.gov.mn
Цахим шуудан: rdi@leu.gov.mn