Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр   21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с,  зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 25, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд нутгийн зүүн хэсгээр, 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 25, 26-нд өдөртөө бага зэрэг дулаарах боловч хугацааны сүүлчээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: НИйслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 02:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 алба хаагч, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа АТА–ийн 15 алба хаагч, нийт 29 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. АТА-ийн бүлгийн дарга, ахмад С.Энхболдын ахалсан бүлгийн бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааны явцад нэр, хаяг нь тодорхойгүй, 50 орчим насны эрэгтэй хүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Амиа хорлолт /аврах/: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд 15 дугаар давхарт хүн өөрийгөө боомилсон байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 04:05 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /26 настай, эрэгтэй/ тус барилгын 15 дугаар давхрын цонхоор өөрийгөө боомилон нас барсан байсныг буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “264 дүгээр гарам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т/ “Хараа” голын эрэг дагуу иргэн Н-ийн гэр усанд автсан гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 12:14 цагт хүлээн авч тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Н /27 настай, эмэгтэй/, У /12 настай, эмэгтэй/, Н /7 настай, эрэгтэй/, У /2 сартай, эрэгтэй/ нарыг завиар зөөвөрлөн гол гаргаж, аюулгүй газар хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top