Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн  нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар сэрүүсч 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь, талын нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 137 дугаар байрны зоорийн давхарт иргэн Б-гийн хураалттай эсгий шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 15:14 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд иргэн Э-гийн автомашины граж шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 01:14 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хүрхрээгийн-Ам” гэдэг газар иргэн С /42 настай, эрэгтэй/ ойд төөрсөн тухай тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.27-ны өдрийн 06:00 цагт ойгоос /төөрсөн газраас 6 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, нэмэлтээр Аврах тусгай ангийн 15 алба хаагч, нийт 29 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус дүүргийн 11 дүгээр хорооны “Болортуул” амралтын газрын орчим /осолдсон газраас 17 км-т/ голын уснаас олж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top