Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, оройдоо бороо орно, дуу цахилгаантай, салхи 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 2, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 2-нд зарим газраар, 5-нд говь, талын нутгаар 12-14 м/с, 3, 4-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс, 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 11:45 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 15:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 15:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт өвчин /олон улсын хөл хориот/

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/ 08.24-ний өдөр тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 08.24-ний өдрийн 19:40 цагт мэдээлсэн. Тус аймгийн Засаг даргын 08.25-ны өдрийн А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 08.26-ны өдрийн А/364 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Тус аймгийн Засаг даргын 08.28-ны өдрийн А/367 дугаар захирамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон бар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг 08.28-ны өдрийн 18:00 цагаас 08.30-ны өдрийн 23:00 цагт хүртэл түр хугацаагаар зогсоосон байсныг тус аймгийн Засаг даргын  08.31-ний өдрийн А/376 дугаар захирамжаар цуцалсан.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар иргэн Г /54 настай, эрэгтэй/ халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул аймгийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлэхэд “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь 08.18-ны өдрийн хариугаар тогтоогдож  тус сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал сайн байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн “Жаргалант”-ын хороонд усархаг бороо орсны улмаас 1 дүгээр гудамжны 5 айлын хашаанд үерийн ус орсон дуудлагыг 08.31-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж усанд автсан 5 өрх айлын 15 иргэнийг аюулгүй газар шилжүүлж, гэрийн усыг шуудуу татаж зайлуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top