Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангийн тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. Сэрүүсч 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 3,6-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, 4,5-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5-нд ихэнх нутгаар  дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт иргэн О-гийн “Ниссан Санни” загварын улсын дугааргүй суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Шар хадны уурхай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ иргэн Л-ийн 16-23 УНЛ улсын дугаартай “Хино” загварын ачааны автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 09.01-ний өдрийн 20:15 цагт мэдээлж тус суман дахь Улсын нөөцийн салбарын 10 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 09:05 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 21:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт өвчин /олон улсын хөл хориот/

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/ 08.24-ний өдөр тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 08.24-ний өдрийн 19:40 цагт мэдээлсэн. Тус аймгийн Засаг даргын 08.25-ны өдрийн А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 08.26-ны өдрийн А/364 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Тус аймгийн Засаг даргын 08.28-ны өдрийн А/367 дугаар захирамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон бар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг 08.28-ны өдрийн 18:00 цагаас 08.30-ны өдрийн 23:00 цагт хүртэл түр хугацаагаар зогсоосон байсныг тус аймгийн Засаг даргын  08.31-ний өдрийн А/376 дугаар захирамжаар цуцалсан.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар иргэн Г /54 настай, эрэгтэй/ халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул аймгийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлэхэд “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь 08.18-ны өдрийн хариугаар тогтоогдож  тус сумын хүн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал сайн байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багт бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, М /2 настай, эмэгтэй/-ийг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top