Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Орхон аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, 6,7-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн зүүн хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5,6-нд ихэнх нутгаар  дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт өвчин /олон улсын хөл хориот/:

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар иргэн Г /54 настай, эрэгтэй/ халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул аймгийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлэхэд “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь 08.18-ны өдрийн хариугаар тогтоогдож  тус сумын хүн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал сайн байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн Төмөр замын гарманд хамгаалалтын ресс төмөрний завсарт хүүхдийн хөл хавчуулагдсан гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Э /13 настай, эрэгтэй/ дугуйтай явж байгаад Төмөр замын гарамны хамгаалалтын ресс төмөрний завсарт хөлөө хавчуулсан байсныг гаргаж, аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top