Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн хариу арга хэмжээ” сэдэвт штабын дадлага, сургуулийг 2017 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн болон хүмүүнлэгийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны зохицуулалтыг туршиж үзэхэд сургалтын зорилго чиглэгдсэн юм.
Сургалтанд гамшгаас хамгаалах улсын албад, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, хэлтэс, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Улаанзагалмайн хороо, хэвлэл мэдээлэл болон олон улсын багаас бүрдсэн нийт 70 гаруй хүн оролцож, газар хөдлөлтийн цагийн байдлыг урьдчилсан байдлаар үнэлэх, цагийн байдлын дагуу хариу арга хэмжээ авах дадлага, сургуулийг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.