Нийслэлийн “Мэргэжлийн Аврагч- 2017” эхэллээ

61-708x350.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцлоо. 

Тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

 Өнөөдөр баг тамирчдын бэлэн байдлын үзлэг, аврагчийн цогцолбор дасгал, буухиа гүйлт, нуранги доороос нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох, байрзүй тогтоох, бүлгийн даргын ажиллагаа гэсэн төрлүүдээр албан хаагчид өрсөлдөнө. Харин маргааш Туул голд буухиа сэлэлт, усанд живсэн нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх ажиллагаа, уснаас аврах ажиллагааны төрлүүдээр шилдгүүдээ тодруулна.

            Мэргэжлийн аврагч тэмцээнийг зохион байгуулснаар албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил дээшилж, анги байгууллагуудын мэргэжлийн бэлтгэлийн төвшинг тодорхойлох, үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

            Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид 2017 оны эхний 8  сарын байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2100 гаруй дуудлагаар үүрэг гүйцэтгэж 700 гаруй иргэний амь насыг авран хамгаалж ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top