Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сургуулийн хүрээнд тус аймгийн Тайшир сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа.
Нүүн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 30 гэр 7 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 92 өрхийн 310 гаруй иргэн хамрагджээ.
Дадлага сургуульд орон нутгийн удирдлагууд болон иргэд идэвхи санаачлагатай оролцож, ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг онц үнэлгээтэй дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.