Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с, бусад нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүсийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 24, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд говь, талын нутгаар өдөртөө дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд эзэн нь тодорхойгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 23:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй алга болсон: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ тус сумын харьяат иргэн Х /42 настай, эмэгтэй/ 09.20-ны өдөр самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг  09.21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 72 иргэн, нийт 77 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 53 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.22-ны өдрийн байдлаар усаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Бирвааз хүртэл 55 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, АТА-ийн 8 алба хаагч, 1 завь, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 38 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.22-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хувааж осолдсон газраас Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл усаар 384 км, явганаар 60 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top