ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Онцгой байдлын байгууллагаас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр цөөнгүй ажлуудыг хийж байна. Үүний нэг нь алслагдсан сум, суурин газруудад Гал түймэр унтраах, аврах ангийг байгуулж байгаа явдал гэж харж байгаа. Энэ онд гэхэд хоёр ч аймагт шинээр Гал түймэр унтраах, аврах ангийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Цаашид ямар газруудад Гал түймэр унтраах, аврах анги байгуулах төлөвлөгөөтэй байгаа бол?
-Тийм шүү. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор алслагдсан сум, суурин газруудад Онцгой байдлын анги, салбар нэгжийг байгуулах асуудлыг Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт тавьж, шат дараатай шийдвэрлэн ажиллаж байна.
Хамгийн сүүлд гэхэд Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар тогтоолоор Ховд аймгийн Зэрэг сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон буюу Хөвсгөл далайн эрэг дээр Гал түймэр унтраах, аврах ангиудыг байгуулах шийдвэр гарсан.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 14-ний 183 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс сумдад Гал түймэр унтраах, аврах байгуулахаар болж Онцгой байдлын байгууллага бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Харин энэ онд өөрийн тань хэлсэнчлэн хоёр газар буюу Увс аймгийн Баруунтуруун сум, Хэнтий аймгийн Бэрх тосгонд Гал түймэр унтраах, аврах ангиудыг Засгийн газрын тогтоолын дагуу байгуулж, барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэн, алба хаагчдыг томилон, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Бэрх тосгонд байгуулсан Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг гэхэд шинээр барьж ашиглалтад оруулсан.
Ер нь 2008 оноос хойш Гал түймэр унтраах, аврах 20 ангийг шинээр байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу шат дараатай ажлууд хийгдэж, Гал түймэр унтраах, аврах ангиуд үйл ажиллагаагаа эхлүүлж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангуулах, аюул ослын дуудлагад богино хугацаанд хүрэлцэх очих боломж бүрдэж байна. Энэ хэрээр Онцгой байдлын байгууллагын ард иргэдэд хүргэх үйлчилгээ хурдан шуурхай болж байгаа гэж ойлгож болно.
-Иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгохоос гадна алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх асуудал мөн чухал байх?
-Тэгэлгүй яах вэ. Тиймээс ч бид Гал түймэр унтраах, аврах ангиудын барилгуудыг шинэчлэн барих, шинээр байгуулах ажлуудыг хийж байна. 2017 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах ангийн барилга, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн барилгыг шинээр бариулан ашиглалтад хүлээн аваад байна.
Одоо Дархан-Уул аймгийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Завхан аймгийн төв дэх 43 дугаар анги, Говь-Алтай аймгийн төв дэх Гал унтраах, аврах 59 дүгээр анги, Төв аймгийн 24 дүгээр анги, Багахангай дүүргийн 80 дугаар ангиудын барилгуудыг 2017 ондоо багтааж ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр ажлууд хийгдсэнээр алба хаагчдын маань ажиллах, үүргээ гүйцэтгэх орчин нөхцөл ч харьцангуй сайжирна.
-Гал түймэр унтраах, аврах ангиуд шинээр нэмж байгуулагдахын хэрээр гал унтраах зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангалтын асуудал зайлшгүй яригдана. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Ер нь Гал түймэр унтраах, аврах ангиудад тавигдах стандарт гэж бий. Тэр стандартаар Гал түймэр унтраах, аврах ангиудыг 1-4 дүгээр зэрэглэлд хуваадаг юм. Зэрэглэлийн ангиллаар хэдэн хүн, хэчнээн гал унтраах автомашин байх нь тодорхой болдог. Энэ стандартын шаардлагын дагуу ажиллах техник, тоног төхөөрөмж Онцгой байдлын байгууллагад дутагдалтай байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх, Гал түймэр унтраах, аврах ангиудад ашиглагдах техник хэрэгслүүдийг шинэчлэх зорилгоор Онцгой байдлын байгууллага сүүлийн жилүүдэд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, парк шинэчлэлийг хийж байна.
Тухайлбал, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 16 автомашин авч төв, орон нутгийн анги байгууллагуудад нийлүүлсэн. БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар ой, хээрийн түймэрт ашиглах том оврын зургаан автомашинтай болсон. Ийм автомашин өмнө нь Монгол Улсад ашиглагдаж байгаагүй.
Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-аас 22 автомашин нийлүүлсэн. Энэ мэтээр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, удирдлагууд Монгол Улсын Засгийн газрын холбогдох төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах чиглэлээр шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Мөн цаашид үе шаттайгаар шийдвэрлэх стратегийн төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барьсан. Хэрвээ энэхүү төсөл хэрэгжвэл Онцгой байдлын байгууллагын үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл бэлэн байдал харьцангуй сайжирч, түвшин нэмэгдэнэ гэсэн стратегийг харж үйл ажиллагаагаа явуулж байна.
-Тэгвэл яг одоо хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгвөл?
-Улаанбаатар хотын гал унтраах чадавхыг сайжруулах төслөөр 2003 онд Япон улсаас нийлүүлэгдсэн эхний ээлжийн автомашинуудад эвдрэл гэмтэл гарах болсон. Эдгээр автомашины сэлбэг хэрэгслийг нийлүүлэх төсөл Жайка олон улсын байгууллагаас шийдэгдээд ирэх 10 дугаар сард нийлүүлэгдэхээр болсон.
Мөн Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Беларус улс, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газрууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, ялангуяа гал унтраах үндсэн болон тусгай зориулалтын автомашинуудыг нийлүүлэх төслүүдийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Хамгийн сүүлд гэхэд Монгол Улс, Беларус улсын эдийн засаг, хамтын ажиллагааны 4 дүгээр хуралд ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү оролцож, тус улсаас хэрэгжүүлэх төслийг шийдвэрлэх, эрчимжүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын хуралдаанд оролцож, танилцуулсан.
Харин Монгол, Польшийн Засгийн газар хоорондын төсөл хэрэгжих бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ төслийн л хүрээнд Онцгой байдлын байгуулагад тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг олгох эрх нь нээгдчихсэн. Одоо яг ямар техник хэрэгсэл авах вэ гэдгээ үйлдвэрлэгч талтайгаа тохирох шатны ажлууд явагдаж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдээд ойрын хугацаанд хэрэгжих төлөвтэй байна.
“Онцгой мэдээ” сонин