Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр  үүлшинэ. Бусад нутгаар  багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус , говийн бүсийн өмнөд  хэсгээр 15-20 градус,Говийн бүсийн хойд хэсэг,Увс нуур болон  Их нууруудын хотгороор 8-13 градус бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос  6-11 м/с, 4-6 градус дулаан байна.

Төлөв: 29, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Шижирээ”-гийн 1 дүгээр гудамжны “Задгай”-д эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 09:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшингийн дээвэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Бумбатын-Ам” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багт амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч,1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ тус сумын харьяат иргэн Х /42 настай, эмэгтэй/ 09.20-ны өдөр самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг  09.21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 66 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усанд суусан: Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн голын усанд 4 зорчигч бүхий 90-08 БРА улсын дугаартай суудлын автомашин суусан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ч /32 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газар гаргаж, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top