Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн бүсийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал:  30-нд нутгийн хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, талын нутгаар, 3-нд Алтай салбар уулсаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “47-гийн гүүр” гэдэг газар, автозамын зорчих хэсэгт /сумын төвөөс хойд зүгт 9 км-т/ иргэн Т-гийн 57-83 УБН улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 11:17 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ний өдрийн 18:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 27 км-т/ Улаанбаатар хот-Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн 44-88 УНТ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн дарагдаж нас барсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дарагдаж нас барсан иргэн Х /30 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ тус сумын харьяат иргэн Х /42 настай, эмэгтэй/ 09.20-ны өдөр самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг  09.21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 20 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Дээд-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 32 км-т/ “Ховд” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 22:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус багийн “Хөх толгой” гэдэг газар 09.09-ний өдөр осолдсон тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top