Сургалтанд хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардуулав

GJ1A0707.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

   Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулсан бөгөөд Гамшиг болон олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага болон эрсдэлийн үнэлгээ,гамшгийн эрсдэлийг бууруулах  арга зам, олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын жишиг зэрэг сэдвээр хичээл зааж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх туршлагаасаа хуваалцсан юм.

Мөн сургалтын хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжүүдээс сургалтад оролцогчдод зориулан мэдээлэл хийсэн.  Өчигдөр Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр “Монгол Улсын гал түймрийн нөхцөл байдал” сэдвээр хичээл заасан бол өнөөдөр ОНХТ-ийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр хичээл заалаа.

Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд эдгээр   алба хаагчдад гэрчилгээ гардуулав.

 Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар тухайн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлнэ.

Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндэсний болон орон нутгийн байгууллага, багийн иргэдийн зуд болон ой, хээрийн эрсдэлийг удирдах чадавхийг бэхжүүлэх зорилготой уг төсөлд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 сум хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top