Онцгой байдлын албаны баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртлээ

Capture.jpg

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн  тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын албаны баг тамирчид оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртсэн түүхэн үйл явдал тохиож байна.

Тодруулбал баг тамирчид байлдааны тархалтын  тэмцээний төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Энэхүү амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Азербайжан, Австри, Беларусь, Польш, Румын, Чех, Болгар, Хорват, Молдав, Грек, Казакстан, Иран, Латив, БНСУ зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин уралдаж аваргуудаа шалгаруулсан байна.

“Байлдааны тархалтын төрөл”-д алтан медалийг Беларусь, мөнгөн медалийг ОХУ, хүрэл медалийг Монгол Улсын шигшээ баг хүртэж бахархам амжилт гаргалаа.

Гал унтраах техникийн олон төрөл спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой спортын төрөл юм.

Энэ удаагийн Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажилласан.

Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1 дүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нар багтсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top