Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим нутгаар цас орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд  хэсгээр 16-21 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд нутгийн хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, талын нутгаар, 3-нд Алтай салбар уулсаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүргийн автобусны буудлын хажууд, гражид иргэн М-ийн 85-95 УНО улсын дугаартай “Хаикс” загварын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 22:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар  багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 16:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 13:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой), Цагаан овоо багийн “Монгол толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 2 гэр, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /54 настай, эрэгтэй/, Т /2 настай, эрэгтэй/ нар 2 дугаар зэргийн түлэгдэлттэй байсныг анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Төгрөг” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 7 км-т/ Улаанбаатараас Өмнөговь аймгийн холбосон засмал замын зорчих хэсэгт УБИ 64-77 улсын дугаартай “Ланд Ровер” загварын автомашин осолдсон гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 15:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, жолооч Ц /26 настай, эрэгтэй/, нэр нь тодорхойгүй 1 зорчигчийн нас барсныг цагдаагийн байгууллагад, хүнд гэмтсэн иргэн Т /30 настай, эмэгтэй/, Т /31 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/ нарыг анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top