Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Булган, Говь-Алтай, Дорноговь, Орхон, Төв, Увс аймгийн нутгаар цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд  хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3, 4-нд Алтай салбар уулсаар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд “Багануур зүүн өмнөд бүс”-ТӨХХК-ийн хашаанд цахилгаан дамжуулах сүлжээний цахилгаан хуваарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ны өдрийн 05:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09:30-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд 3 багийн “Буурал толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 25 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 9 иргэн, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 13:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ны өдрийн 02:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн “Ланз” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 18 иргэн, 3 автомашинтай унтраахаар ажиллаж 10.01-ний өдрийн 05:50 цагт бүрэн унтраан, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top