О.Мөнхтунгалаг: Хүнээс хэзээ ч хариу нэхдэггүй

SAM_7133.jpg

Дэлхийн дэвжээнээс медаль авах Монгол тамирчдын цуваа дуусаагүй л байна. Тэдний үргэлжлэлийг Онцгой байдлын албаны онцгой залуус маань үргэлжлүүллээ.

Өглөөний 10:00 цаг. Чингис хаан нисэх онгоцны буудалд цэцэг, мөнгөн аягатай хадаг сүү, ааруул барин зогсох ээж аав, гэргий, бяцхан хүүхдүүдээр дүүрчээ. Тэд бол Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс эх орондоо анхны медаль болох хүрэл медаль авчирч буй залуусын ар гэр юм.

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд болсон. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын албаны баг тамирчид байлдааны тархалтын тэмцээний төрөлд 27:08 секундийн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа аж.

Тэгвэл байлдааны тархалтын төрөл гэж ямар төрөл болох, юугаараа онцлог талаар Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүгээс тодрууллаа.

-Манай залуусын амжилт гаргасан байлдааны тархалтын төрлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач.

-Өнгөрсөн есдүгээр сарын 24-30-ний хооронд Туркийн Измир хотод бол Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээн маань дөрвөн төрлөөр явагддаг. Довтолгооны шат, 4×100, саадтай 100 метр, хамгийн сүүлийнх нь үндсэн төрөл болох байлдааны тархалтын төрөл гэж явагддаг. Манай баг тамирчдын хувьд үндсэн найман тамирчин, дасгалжуулагч, багшийн хамт 10 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Анх энэ тэмцээн 2002 оноос эхлэн зохион байгуулагдсан. 2002, 2003 оны дэлхийн аваргад Монгол улс оролцож байсан. Ингээд нэг хэсэг оролцолгүй тасарч байгаад 2014 оноос эхлэн алгасалгүй оролцож байна.

Манай баг тамирчид байлдааны тархалтын төрөл буюу мэргэжлийн спортын хамгийн хүнд багийн төрөлд амжилттай сайн оролцож, хүрэл медаль хүртсэнд маш их баяртай байна. Монгол гал унтраах техникийн спорт үүсч хөгжөөд 60 жил болж байна. Энэ хугацаанд Ази, Дэлхийн аваргад оролцож байсан уламжлалтай. Азийн аваргаас медаль авч байсан түүх бий. Харин анхны дэлхийн аваргаас медаль авсан тамирчдаа хүлээж авах гээд зогсож байна. Дэлхийн томоохон багууд болох Болгар, Румын, Чех, Австри, Герман зэрэг багуудыг ардаа орхиод хүрэл медалийн болзол хангасан нь бахархууштай байна.

-Бэлтгэл сургуулилтаа хэр хугацаанд хангасан бэ. Энэ зуны хувьд бусад жилүүдээс илүү түймрийн дэгдэлт их байлаа. Тамирчид маань бэлтгэлээ хангалттай хангаад явж чадсан уу?

-Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллага, Ерөнхий газрын удирдлага, Шадар сайдын зүгээс онцгой анхаарч олон улсад хэрэглэгдэж байгаа техник хэрэгслийг оруулж ирж тамирчдынхаа бэлтгэлийг хангах тал дээр нэлээдгүй анхаарсны хүчинд өнөөдрийн медалийг авч байна. ОБЕГ-ын даргын 2014 оны тушаалаар Үндэсний шигшээ баг гэж байгуулагдсан. Тус баг маань жилд дөрвөн удаа буюу улирал тутам цугларч бэлтгэл хийдэг. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Манайхаас гадна 16 улсын тамирчид оролцсон. Эдгээр улсын хувьд шигшээ багийн тамирчид нь үндсэн ажлаа хийдэггүй. Зөвхөн спортоороо хичээллээд явдаг онцлогтой. Харин манай залуусын хувьд ажлаа хийж байгаад л бэлтгэлээ хангаад явдаг.

-Онцгой байдлын ерөнхий газраас залуучуудаа дэмжих ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шууд байр амлаад өгөх боломж бололцоо манай байгууллагад алга. Гэхдээ ОБЕГ-ын дарга өөрөө ирээд асуудалд хандах байх. Анхны Дэлхийн аваргын медаль учраас баг тамирчдыг урамшуулах зүйл бол байгаа. Үндэсний шигшээ багыг дагалдуулаад залуучуудын шигшээ багийг өнгөрсөн жилээс эхлэн гаргасан. Эдгээр залуустай адил найман залуусыг бэлдэж байна” гэлээ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Азербайжан, Австри, Беларусь, Польш, Румын, Чех, Болгар, Хорват, Молдав, Грек, Казахстан, Иран, Латви, БНСУ зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин уралдаж аваргуудаа шалгаруулсан байна. Байлдааны тархалтын төрөлд алтан медалийг Беларусь, мөнгөн медалийг ОХУ, хүрэл медалийг Монгол Улсын шигшээ баг хүртжээ.

Аймаг бүрээс бүрийн гал унтраах ангийн шилдэг тамирчдаас бүрдсэн Үндэсний шигшээ багийн тамирчдын ар гэрийнхний сэтгэгдлийг хүргэе.

Орхон аймгийн 58-р ангийн ахлах ахлагч Я.Энхбаярын ээж н.Байгалмаа: “Би хүүгээ хүлээж байна. Миний хүүгийн аав нь Онцгой байдалд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хүү минь аавынхаа мэргэжлийг өвлөж, үргэлжлүүлж, сайхан авч явж байна. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж дэлхийд нэртэй тамирчин боллоо. Хэлэх үг олдохгүй маш их баярлаж байна. Төр, түмнийхээ сайн сайхны төлөө өөрийн хүсэл сонирхлоороо явж байгаад нь баярлаж явдаг. Миний хүү багийнхаа хамгийн жижиг биетэй нь. Улсын аваргынхаа амжилтыг ахиулсанд нь баяртай байна.”

“Аавыгаа хүлээж байна. Аав хөдөө явсан. Манай аав гүйдгийн багш” хэмээн ярих бяцхан хүүгийн аав нь Онцгой байдлын сургуулийн багш, цагдаагийн дэд хурандаа Д.Ганболд аж. Д.Ганболд нь ОУХМ, Спортын мастер бөгөөд 18 настайгаасаа эхлэн энэ албанд өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулан тэтгэвэрт гарсан ахмад багш гэж түүний гэргий Ө.Баярмаа ярилаа.

Гал унтраах техникийн олон төрөл спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой спортын төрөл юм.

Ингээд удаан хүлээсэн Дэлхийн хүрэл медалийн эзэн болсон багийнхан маань гарч ирлээ. Гэр бүлийнхэн нь мөнгөн аягатай сүү хадгаа барин үр хүүхэд, хань ижилдээ баяр хүргэсэн юм. Аавыгаа санасан бяцхан хүүхдүүд аавынхаа медалийг зүүе, авъя гэж эрхэлнэ.

Булган аймгийн Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг: “Юуны өмнө түрүүлж өсгөсөн аав ээж, багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд материаллаг баазаар сайн хангаж өгсөн. олон улсын стандартад нийцсэн техник хэрэгсэлд бэлтгэлээ хийсэн нь нөлөөлсөн байх. Энэ албанд 10 дахь жилдээ зүтгэж байна. Хүний төлөө явдаг, хэзээ ч хариу нэхдэггүй сайхан мэргэжил учраас сонгосон. Дан ганц бид нар мундагтаа бус ар гэрийнхэн сайн байж амжилт гаргаж, ажилладаг. Биднийг эд материал, сэтгэл санаагаар үргэлж дэмждэг, ямар ч ар талдаа санаа зовох зүйлгүй байлгадаг аав ээж, хайрт хань маань миний ард байнга зогсдог”.

Энэ удаагийн Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажилласан. Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1 дүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нар багтсан юм.

Эх сурвалж: www.times.mn

scroll to top