Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өчигдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг явууллаа.
Баян-Өлгий аймаг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд, Хүйтний Оргил зэрэг өндөр уулс ихтэй. Сүүлийн үед иргэд амарч зугаалах, ууланд авирах нь олширч, улмаар өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагууд нэмэгдэх болсон. Тийм учраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.