Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дундговь, Завхан аймгийн нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн өмнөөс говийн аймгуудын нутгаар 7-12 м/с, бусад нутгаар 4-9 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 0 градус орчим хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-нд зарим газраар, 13-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дуурсах” багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний 20:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 69 дүгээр байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:10-ны өдрийн 01:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Банс өргөө” ХХК-ний хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 07:30 цагт хүлээн авч тус Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Нийслэлийн Багануур дүүргээс хойд зүгт 20 км-т /Е47091’00”, N108043’00’’/ 10.09-ний өдрийн 09:04 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-ээс 09:43 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан байгаль орчны улсын байцаагчаас тодруулахад  тухайн газар нь “Хужиртын ам, Нарангийн ар” гэдэг газар, тухайн газар нутаглаж буй малчдаас лавлахад газар хөдлөлт мэдрэгдээгүй гэсэн хариу өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Сүжиг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ тус багийн малчин Н /27 настай, эрэгтэй/ 10.07-ны өдрийн 16:00 цагт Борнуур сумын төвөөс гэр лүүгээ яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж, Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг “Хунцал” гэдэг газраас /Борнуур сумын “Сүжиг” гэдэг газраас зүүн зүгт 15 км-т/ 10.09-ний өдөр эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

Бусад: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Хустайн даваа”-нд цас хайлж хөлдсөний улмаас автозамын зорчих хэсгийг хааж автомашины түгжрэл, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн тухай дуудлагыг 10.09-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж, 60 автомашиныг татан гаргаж, 750 хүнийг аварсан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг газар их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашинууд зогсож, түгжрэл үүссэн тухай дуудлагыг 10.09-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 42 автомашиныг татан гаргаж, 192 хүнийг аварсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top