Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 2009 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм.
Тус олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулж байна. Үүний нэг ажил нь Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн хошой тэргүүний 50 дугаар сургуулийн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн Б.Энхтуул багштай 12А ангийн сурагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд 50 гаруй сурагч оролцон, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд 12А ангийн сурагч Ж.Чинзориг, хоёрдугаар байранд Т.Андир, гуравдугаар байранд П.Дагвадорж, М.Анударь нар шалгарсан юм.
АХА тэмцээн TV9 телевизээр 2017 оны 10 дугаар сарын 15-нд гарна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.