Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын дарга, захирагч нарт үүрэг өглөө

22450544_1783626798332847_1947695916_o.jpg

Ихэнх нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул эртнээс сэрэмжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлаа хангах, шаардлагатай авах арга хэмжээг урьдчилан тооцоолох, улмаар орон нутгийн удирдлага, албан тушаалтан, малчдын хариуцлага, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгааг өчигдөр болсон “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ дурдсан.  

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангуулах, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс иргэдэд хүргэх гамшгаас хамгаалах үйлчилгээг эрчимжүүлж ажиллах талаар ч мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг чиглэл өглөө.

Онцгой байдлын ерөнхий газраас 2017 онд “Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, байгууллагын стандартыг боловсронгуй болгох”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Улсын  хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх” гэсэн  хоёр үндсэн зорилтыг дэвшүүлсэн.

  Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээгээ эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, эрчимтэй ажиллах шаардлагатай, өвлийг эрсдэл багатай даван туулахад орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг сонсч, шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг өгсөн.

– Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, учирч болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

– Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, тэдгээрийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, шаардлагатай бол бэлэн байдлын үзлэг шалгалт явуулж, зөрчлийг арилгуулах.

– Бүсийн төвийн шуурхай удирдлагын төвүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж, бүсийн төвийн ажиллах журмыг мөрдөж ажиллах

– Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад сайтар анхаарч, өвс, тэжээлийн хүрэлцээ, хангалт, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс сайтар тооцон төлөвлөж, алслагдсан сумдын малчид, иргэд, ялангуяа хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эрсдэл бүхий нийгмийн эмзэг бүлгийнхэнд анхаарлаа хандуулж ажиллах

– Өнөөдрийн байдлаар Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дорнод зэрэг 5 аймгийн 14 сум, нийслэлийн 2 дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Иймд хорио цээрийн дэглэмийн бүсэд ажиллаж буй алба хаагчдын эрүүл мэнд, хоол хүнс, дулаан хувцас, ажил, амралтын хуваарь, аюулгүй байдалд онцгой анхаарч, удирдлага, зохицуулалт, хяналтыг сайжруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах

– Шинээр байгуулагдаж буй гал түймэр унтраах, аврах ангиудын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, газар, барилга, байгууламжийн асуудлыг сум, орон нутгийн түвшинд шийдвэрлэхээр харилцан тохиролцсон асуудалд анхаарч, өмчлөлдөө авах, засварын хөрөнгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраар шийдүүлэх. /Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Онцгой байдлын газрууд/

– Гал унтраах, аврах ажиллагааны автомашин техник, багаж хэрэгсэл, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмж,  техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах.

– Орон нутагт гал түймэр, гамшгаас хамгаалах гэрээт болон сайн дурын хэсэг байгуулах, сайн дурын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр анхаарч сум, орон нутгийн удирдлагатай энэ чиглэлээр хамтарч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах

– 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд орох шийдвэр гарсан. Иймд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чанар байдалд хяналт тавьж хамтран ажиллах шаардлагатай.

– Гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг бүх шатанд зохион байгуулах иргэд олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах, орон нутгийн сургагч багш нарыг тогтвортой ажиллуулах, чадавхжуулахад анхаарч ажиллах

– Иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгах,  анги, байгууллага, салбар, нэгж бүр цахим хуудастай болох, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тогтмол сурталчилж хэвших

– Газрын дарга нар гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн хувьд хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийг судлах, өөрсдийн хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх

– Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын байцаагч нарын хяналт шалгалтын ажлын үр дүнг сар бүр тооцон иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж байх

– Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг мөрдөж ажиллах

– Алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, бие бялдарын зохистой харьцааг баримтлахад анхаарч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар батлагдсан “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ыг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үүнийг өөрсдөөсөө эхэлж алба хаагчдадаа үлгэрлэх.

– Гамшгаас хамгаалах тухай хууль болон тус хуулийг дагалдан гарч буй дүрэм, журам, зааврыг сайтар судлан орон нутагт хэрэгжүүлж ажиллах, төр захиргааны байгууллагаас эхлээд иргэд хүртэл бүх шатанд хуулийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулах.

– Онцгой байдлын байгууллага нь олон улсын эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан алба хаагчийн мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдарын бэлтгэл, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах

– Улсын нөөцийн анги, салбар, цэгт төсвөөс хуваарилсан зардлыг хугацаанд нь бүрэн олгож өвөлжилтийн бэлтгэлийг хангах арга хэмжээг орон нутгийн газрын дарга нар биечлэн хариуцах. Цаашид та бүхний хариуцах ажил болсонтой холбогдуулан Улсын нөөцийн барилга, байгууламж, хашаа саравчийг засахад анхаарал тавин ажиллах.

– Баригдаж байгаа барилга байшинг яаралтай дуусгах, хамтран ажиллах. /Завхан, Төв, Дархан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс/ зэрэг үүргийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top