Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар  6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунаас баруун хойш эргэж  6-11 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт цахилгаан тогоо шатаж 1 хүн угаартсан байна гэсэн дуудлагыг 10.17-ны  өдрийн 19:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /31 настай, эрэгтэй/ угаартсан байсан тул эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.10.17-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн “Таац гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 110 км/ Ш /17 настай, эрэгтэй/ 10.16-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 15 иргэн, 7 мотоцикольтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.18-ны өдрийн 02:40 цагт гэрээс нь хойд зүгт 10 км-с цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top