Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахаар тус аймагт ажиллаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус аймгийн Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Ихтамир сумдад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.
Үзлэг шалгалтаар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.