Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар 18:00 цагт шуурхай мэдээлэл хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг 11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олоод байна.
Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.
Уулын зүүн урд талд 3200 метрийн өндөрт эгц хадан хясаа байна. Уулчид хясаа руу унасан байх магадлалтай байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж ослын газар эрэн хайх ажиллагааг удирдан явуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлсэн.
Ослын газар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас нийт 56 алба хаагч, 7 техник хэрэгсэл, бусад байгууллагаас 66 алба хаагч, 6 техник хэрэгсэл, нийт 122 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:00 цагт Отгонтэнгэр ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бүлгүүд буулаа. Иймээс эрэн хайх ажиллагаа маргааш өглөө эрт үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.