Онцгой байдлын ерөнхий газарт “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний онол, аргазүйн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Тус хэлэлцүүлгээр гамшгийн эрсдэлийн үнэлгээний онол, аргазүйн хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Эрсдэлийн үнэлгээ нь гамшгийн улмаас учирч болзошгүй хохирлын магадлалыг тодорхойлж өгдөг тул гамшигтай тэмцэх арга хэмжээнд чухал ач холбогдолтой билээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 тогтоолоор батлагдсан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлийн 2.2-д “Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулна” гэж зааж, уг бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрт байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээг 2015 онд 60 хувь, 2020 онд 100 хувь хийж дуусгахаар зорилт тавин ажиллаж байна.
Мөн 2017 оны 2 дугаар сард батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад гамшгийн эрсдэлийн үнэлгээний зохицуулалтыг бие даасан бүлэг болгон оруулж, эрхзүйн зохицуулалтыг нь сайжруулах чиглэлээр олон ажил хийж байгаагийн нэг нь ОБЕГ-ын даргын 2017 он А/212 тоот тушаалаар Гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга, аргачлал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж байгаа явдал юм.
Хуулийн энэхүү шинэчилсэн найруулгад гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэхээр тусгаж, мөн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх тогтсон арга аргачлалтай байна гэж заасан.
Иймээс эрхзүйн энэ зохицуулалтыг бодит ажил хэрэг болгоход гамшгийн эрсдэлийн үнэлгээний онол аргазүйн үндэсийг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээний арга, аргачлалыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Тиймээс өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргазүйн асуудлаар гамшгаас хамгаалах салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид нэгдсэн ойлголтод хүрэх, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд ахиц гаргахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.