Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд авирахаар яваад амь эрсэдсэн уулчдыг эрэн хайхаар ослын газарт ажиллаж, аврах ажиллагаанд оролцсон уулчид, аврагчид өчигдөр орой /2017.10.25/ Улаанбаатарт ирлээ. Эрэлд оролцсон уулчдын нэг, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай уулзаж, ярилцлаа.
-Уулчид та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Сонирхол, мэргэжил нэгт нөхдөө эрэн хайх ажилд олон уулчид оролцож, эрсдэлтэй нөхцөлд шуурхай ажиллалаа. Мэдээж болсон явдлын талаар ярих хүнд байгаа таны сэтгэл санааны байдлыг бид маш сайн ойлгож байна. Гэхдээ ослын газарт ажилласан хүмүүс бол сэрэмжлүүлэг болгох, бодит мэдээллийг хүргэх гол эх сурвалжууд учир танд хандаж байгаа юм. Үүнийг та зөвөөр ойлгоорой.
-Харамсаж байна. Ярих байтугай бодоход ч хөндүүр, хэцүү байна. Монгол Улс нэг дор 17 иргэнээ алдлаа. Монголын аялагч, уулчид олон сайхан анд нөхдөө алдлаа. Амьд байгаасай, олчих юмсан гэсэн хүсэлтэй Отгонтэнгэр хайрханд очсон. Харамсалтай нь, газар дээр нь очиход ойлгомжтой болсон байсан. Онгоцноос уулын байдлыг хараад байдал бишгүйтэж, уулчдад хүнд зүйл тохиолдсоныг ерөнхийдөө гадарласан. Мэдээж хүн л юм хойно эцсийн найдвар тасартал хүлээж, эрлийн ажиллагааг үргэлжлүүллээ. Ослын газарт бол үнэхээр хүн харахад хэцүү, нүд халтирам байсан.
-Цаг агаарын нөхцөл байдал ямар байв?
-Магадгүй, тэгээд өнөөдөр үдээс хойш хайрханд цасаар шуураад эхлэх байсан. Эрэн хайх ажлыг өндөр зохион байгуулалтайгаар шуурхай хийж хүйтрэхээс өмнө дуусгалаа. Бидэнд хугацаа маш богино байсан. Осол болсны дараах 2-3 хоногт тэнгэр, цаг агаар тогтуун байсан. Өнөөдөр /2017.10.26/ оройноос тэнгэр муухайрч, долоо хоног цасан шуурга тавьж, хүйтэрнэ гэсэн мэдээллийг өгсөн.
-Хэчнээн уулчин эрэлд оролцсон бэ?
–Эрдэнэт, Завхан, Улаанбаатараас уулчид очсон. Арав гаруй… 12 уулчин байсан.
-Өндөр ууланд эрлийн ажилд уулчдын туршлага, чадвар мэдээж чухал. Эрэн хайх ажиллагаа 3100-3300 метрийн өндөрт үргэлжиллээ. Эрлийг шууд осол болсон эгц хадтай хэсэгт төвлөрүүлсэн үү?
-3000 метрээс дээш өндөр дэх эгц ханан хадыг самнасан. Тэнд ямар нэгэн байдлаар хүн үлдэж, мөр гарч уу, хад, хавцалд өлгөгдсөн эд зүйлс байна уу гэдгийг тогтоохоор эрлийг эхлүүлсэн. Хавцал руу эхлээд зөвхөн уулчид авирч, самналт хийсэн. Уулчдын зүгээс эрлийн ажилд тусалсан зүйл нь цогцос хайх талбайг тогтоож, багасгаж өгөх явдал. Дээр хүн үлдээгүй, ямар нэгэн эд зүйлс байхгүй байна гэдгийг яаралтай тогтоож, 700 метрийн гүн дэх цастай хавцал руу гол хүчийг төвлөрүүлэх байдлаар ажилласан.
-Эрлийн багийнхан ямар багаж, хэрэгсэл ашиглаж байсан бэ?
-Металл хайгч байсан. Уулчдын хамгаалалтын хэрэгслүүд металл ихтэй учир бүгдэд нь ямар нэгэн байдлаар металл биет байна гэж үзсэн. Ууланд эрэл хийхэд ашигладаг нийтлэг жишиг л дээ.
-Хавцлын дээрээс бол ямар нэгэн зүйл олоогүй гэсэн үг үү?
-Үгүй.
-Уулын бэлээс 3400 метрийн өндөрт хүрч, эрлийг эхлүүлэхэд хэр хугацаа шаардсан бэ?
-Бүтэн өдрийн ажил. Үндсэндээ гурван өдөр эрэл үргэлжиллээ. Өндөр ууланд өдөр, шөнөгүй ажиллана гэдэг боломжгүй. Богд ууланд биш мөнх цастай хайрханд болсон осол болохоор тэнд очсон бүх хүмүүсийн хувьд эрсдэлтэй. Хэдийгээр хүний амь эрсэдсэн үед цаг алдалгүй цогцсыг олох ёстой ч, эрэл хайгуул хийж аврахаар ажиллаж буй хүмүүсийн амь нас мөн чухал. Саяын тохиолдолд эрлийн ажиллагааны зохион байгуулалтыг үнэхээр сайн хийсэн.
-Ослын шалтгааныг эхлээд янз бүрээр тайлбарлаж байлаа. Шадар сайдын өгсөн мэдээллээр бол хавтангийн гулсалт болжээ гэж үзсэн байна. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Ууланд авирна гэдэг бол тэр чигтээ эрсдэл байдаг юм. Бид нэг алхмын цаанаа юу байгааг мэдэхгүй. Мэдээж уулчин хүн бүр оргилд очих ганц л адилхан хүсэл, тэмүүлэлтэй. Хэнд, хэзээ, юу тохиолдохыг ямар ч сайн уулчин төсөөлж, төлөвлөх боломжгүй л гэсэн үг.
Саяны ослын тухайд хавтангийн гулсалт болжээ. Цасан нуранги бол биш. Цасны нуранги гэдэг арай өөр үзэгдэл. Цасны даац хэтрээд нурахыг хэлдэг. Хавтангийн гулсалт гэхээр олон жилийн настай мөсөн дээр цас хатуурч тогтож байгаад даацаа алдаж, гулсаж унаж байна гэсэн үг. Отгонтэнгэр хайрхан мөнх цастай уул. Маш олон жилийн турш тогтсон мөс, цастай оргил. Амь эрсэдсэн уулчид маань сая тэр мөнхийн мөсөн дээр тогтсон, унахад бэлэн болсон байсан цасан дээгүүр явж таарчээ. Харамсалтай нь, хэн ч тэр цасыг хараад унаж, гулсах гэж байгаа юм байна гэж мэдэхгүй л дээ. Тийм цас таарч, тухайн хэсгийн даац хэтэрснээс болж, шууд доош унасан байна гэж ослыг харсан. Ийм осол хэдхэн секундэд болоод өнгөрдөг. Бүхэл бүтэн 700 метрийн гүн хавцал руу маш өндөр хурдтайгаар унаж, осолдсон байлаа. Ийм ослоос амьд үлдэх ямар ч боломжгүй… Уучлаарай, энэ тухай ярих надад их хүнд байна /Хоолой нь зангирав/.
Бидний яриа хэсэг завсарлав.
-Амьд үлдсэн уулчдын ар гэрийнхэндээ өгсөн мэдээллээр бол гурав дахь олсны хүмүүс 30 секундэд түр зогсох хооронд эхний хоёр олсны уулчид эндсэн бололтой. Та тэдэнтэй уулзсан байх, яг болсон явдлын талаар юу гэж ярьсан бэ?
-Уулчидтай уулзсан. Гэхдээ би сэтгэл санааны маш хүнд нөхцөлд байгаа тэр хүмүүсийн өмнөөс ямар нэгэн зүйл яримааргүй байна. Ослын тухайн үеийн нөхцөл байдлыг тэд тайвширсныхаа дараа ярих байх. Тэд өөрсдөө ярих нь зөв. Бидний хувьд бол эндээс хүмүүс маань амьд байгаасай, хурдан очиж олъё гэсэн ганц л бодолтой явсан. Өчигдрөөс Отгонтэнгэрт цаг агаар муудна гэсэн мэдээлэл авсан байсан тул сүүлийн нэг өдөр бид бүх хүчээ дайчилж ажилласан. Осолдсон уулчид маань бүгд эндсэн нь тодорхой болсон ч хөрсөн биеийг нь ололгүй ирсэн бол бидэнд бас л хүнд байх байсан биз ээ. Тийм зүйл болохыг үгүйсгэхгүй. Хэдэн жилийн дараа олдохыг ч таахын аргагүй. Энэ удаагийн тохиолдолд уулчид, онцгой байдлынхан, армийнхан гээд олон хүн уулчдын төлөө үнэхээр нэг сэтгэл тавьж ажилласан шүү.
-Осолдсон уулчдыг цасны гүнээс хайсан гэж байсан?
-Янз бүр. Эхний өдөр цас ухсан. Хоёр дахь өдөр нь металл хайгч ашиглаж олсон. Гурав дахь өдөр нь цэвэр хүний хүчээ дайчилсан. Зогсоо зайгүй цас ухсан. Онцгойгийн аврагчид, цэрэг, цагдаа, уулчид гээд тэнд очсон бүх хүн цас ухаж, эрлийн ажиллагаанд гар бие оролцсон.
-Осолдсон уулчдад харилцаа холбоондоо ашиглах төхөөрөмж байсан болов уу?
-Уулчин хүнд холбоо барих иридиум станц эсвэл сансрын утас аль нэг нь зайлшгүй байх ёстой л доо. Наад зах нь хоорондоо ярих богино долгионы станцтай байвал сайн. Саяын тохиолдолд бол холбоо барих станц, утас мянга байгаад ч нэмэр байхгүй. Холбоо бариагүй удсанаас хүн нас барлаа гэж буруутгах ямар ч боломжгүй. Хавтангийн гулсалт нүдээ аниад нээхийн хооронд, нэг минут ч хүрэхгүй хугацаанд болсон. 17 хүн 700 метрийн гүнтэй хавцал руу ниссэн гэдгийг хэрэв ослын талаар буруу мэдээлэлтэй хүн байгаа бол ойлгох хэрэгтэй. Тэндээс хүн амьд үлдэх боломж бараг байхгүй. Цогцос бүрэн бүтэн байх боломж ч хэцүү.
-Золгүй осол гарах нэг шалтгаан нь олон хүн нэг олсонд явсантай холбоотой гэж зарим хүмүүс ярьж, бичих юм. Та юу гэж хэлэх бол?
-Яг ослын үед юу болсныг би хараагүй шүү дээ. Ууланд мэдээж уулын дүрэм байна. Гэхдээ уулын осол хэзээ ч, яаж ч ирж болно. Ослын нөхцөл байдал бидэнд маш том сануулга өгч байгааг дор бүрнээ л бодох нь чухал. Анхаарал, болгоомж хэзээд илүүдэхгүй. Авиралтын хариуцлагаа улам сайжруулах ёстойг харууллаа. Уул, оргил өөдөө авирах хүмүүс цэгцэндээ орох цаг болсныг санууллаа. Үүнийг л залуучууд сайн ухаарах хэрэгтэй. Уулын холбоо, төр засаг хүн бүртэй уулзаж, сануулаад, аюулгүй байдлыг нь хангаж, цэгцэлнэ гэдэг учир дутагдалтай. Ууланд авиръя гэж сонирхож, хүсч, тэмүүлж буй хүмүүс өөрсдөө л эрсдэлт нөхцөлөө тооцож, болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалахад суралцах нь чухал гэдгийг уулчдын халуун амины үнэтэй энэ осол харууллаа.
-Та түрүүнд хэлсэн, Онцгой байдлын аврагчид, зэвсэгт хүчнийхэн аврах ажиллагаанд маш өндөр түвшинд оролцсон талаар. Магадгүй, өндөр уулын эрсдэлтэй орчинд эрэл явуулах туршлага манайханд харьцангуй бага байдаг байх?
-Үнэхээр ярих юм байхгүй, төгс сайн ажилласан. Цаашид би ууланд гарахдаа айлтгүй болсон л юм байна гэж бодогдохоор. Энд тэнд алга болж, эрсэдлээ гэхэд яаж ийж байгаад аврагчид намайг олж чадах юм байна гэж итгэл үзүүлэх хэмжээний бодол надад хүртэл надад төрж байлаа. Мундаг ажилласан. Бахархахгүй байхын аргагүй. Хүйтрэхээс өмнө эрлийг дуусгахын тулд тэнд байсан бүх хүн хүчээрээ хөдөлсөн юм шүү. Аврагчдаараа, Монголынхоо армиар бахархсан. Онцгой, Цагдаа, Зэвсэгт хүчний жанжин штаб, Завхан аймгийнхан, Отгон сумын Засаг даргын тамгын газар, эмч, сувилагч гээд тэр олон хүний сэтгэл хүнд хатуу энэ үеийг давж туулахад нэгдэж, нийлснийг ярих нь зүйтэй гэж бодож байна.
Монголын уулчдын үндэсний холбоо ч хариуцлагатай, сайн ажилласан. Осолдсон хүмүүсийн маань тухайд тал талаас нэгдсэн уулчид байсан юм билээ. Өөр өөр уулын клубийн гишүүд. Тэдний сэтгэл санаа нэгдэж, нийлсэн клубийн гишүүд, аялал, уулын спорт сонирхогчид бас анд нөхдийнхөө төлөө өнгөрсөн гурав хоногт бүхий л чадлаараа зүтгэлээ. Эрлийн ажилд тусаллаа. Талийгаачдыг олж, хүрч чадах уу, үгүй гэсэн орчин нөхцөл биднийг угтсан. Магадгүй бид дулаарахыг, дараа хаврыг хүлээж болзошгүй л байсан. Гэхдээ бүгд нэгдэж, дэм дэмдээ байснаар эрлийг шуурхай зохион байгуулж, ажилласан гэж би хувьдаа бодож ирлээ.
Эх сурвалж: NEWS.MN
https://www.news.mn/?id=13151