Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ

DSC_8271.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын орлогч нарийн бичгийн дарга ноён Каве Захидиг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад айлчлал хийж буй ноён  Каве Захиди нь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тогтвортой хөгжлийн орлогч нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, эрчим хүч, гамшгийн эрсдэлийн удирдлага болон мэдээлэл холбоо, харилцааны асуудлыг хариуцан ажилладаг.

Түүнчлэн 20 гаруй жилийн турш НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Бүгд Найрамдах Кени Улс, Мексикийн Нэгдсэн Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Тайландын Вант Улс зэрэг дэх Суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байжээ.

Монгол Улсын Онцгой байдлын алба нь НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой энэ хугацаанд нягт хамтран ажилласаар ирсэн. Тус комиссоос жил бүр зохион байгуулдаг газар зүйн мэдээллийн систем, сансрын технологи, зайнаас тандан судлал, гамшгийн дата мэдээллийн санг бүрдүүлэх болон бусад сургалт семинар, уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчид тогтмол оролцож ирсэн, мөн тус байгууллагын санхүүжилтээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсад  Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчид “Газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлал”-ын магистрийн өмнөх боловсрол олгох тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр хамрагдаж байгаа юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал уулзалтын үеэр, Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх талаар анхаарч ажиллаж байгаагаа танилцууллаа.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар батлуулж, хууль эрхзүйн баримт бичгийн томоохон шинэчлэлтийг хийснийг онцлон тэмдэглэв.

Мөн уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Улмаар  тус бага хурлыг зохион байгуулахад НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой  хамтран ажиллах, дэмжлэг, туслалцаа авах сонирхолтой байгаагаа уламжиллаа.

Ноён Каве Захиди, Монгол Улсад 2018 онд зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ыг зохион байгуулахад НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос -Бага хурлаас гарах баримт бичгийг боловсруулахад хамтарч ажиллах (Улаанбаатарын тунхаглал), техникийн болон бусад хуралдаануудыг хамтран зохион байгуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.  

Мөн тэрээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, индексжүүлсэн даатгалын санхүүжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг аливаа мөргөлдөөн болон бусад асуудалтай хэрхэн холбох, Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын зүгээс НҮБ-ын төрөлжсөн агентлаг болж ажиллах, хамтран оролцох, бага хурлаас Монгол Улсын бүс нутгуудад гаргаж тавих санал санаачлагыг боловсруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолж байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top