Монгол Улсын Шадар сайд, Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны 11 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тус сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд тэрээр Айраг сумын Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзан, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго, чиглэл болоод нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн талаар мэдээлэл хийж, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг чиглэл өглөө.
Айраг сум нь 3700 гаруй хүн ам, 123600 гаруй малтай, 50 орчим аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг томоохон сум бөгөөд иж бүрэн сургуулийн бодлогын дагуу тус сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг явуулах юм.
Мөн тус суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 23-р анги, Шатахууны улсын нөөцийн салбарын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд хийгдэж буй ажилтай танилцаж, заавар зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.