Энэ удаагийн “Ярилцах цаг” буландаа ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяртай уулзаж ярилцлаа. Бидний яриа иргэдийн санаачлагаар эхлүүлсэн сайн үйлсийн аяны хүрээнд цугларсан хандивын мөнгөн тусламжийн зарцуулалт болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын явц ямар байгаа талаар өрнөсөн юм.
-Өнгөрсөн долдугаар сард дэгдсэн ойн түймрийн улмаас ард иргэд маань хандив, тусламжийн аяныг санаачлан зохион байгуулсан. Тэгвэл иргэдийн хандивласан мөнгөн тусламжийг хэрхэн юунд зарцуулав гэдгийг бид эргэж тайлагнах ёстой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Юуны түрүүнд эх орныхоо төлөө хэзээ ч эвлэлдэн нэгдэхэд бэлэн гэдгээ харуулж, алба хаагчдад маань сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, нийт монголын ард түмэндээ, элэг нэгт өвөрмонголчууддаа Онцгой байдлын байгууллага, нийт алба хаагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Тухайн үед иргэд маань Онцгой байдлын байгууллага, тэр дундаа түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад туслах зорилгоор мөнгөн хандив өгөх гэсэн юм, ямар дансанд энэ хандивыг төвлөрүүлж болох вэ гэсэн хүсэлтийг ихээр ирүүлсэн учир манай байгууллагын зүгээс албан ёсны хандивын дансыг нээж, мөнгөн тусламжийг төвлөрүүлэн авсан. Энэ дансанд маань 809,6 сая төгрөгийн мөнгөн хандив цугласан. Одоогоор энэ хандивын мөнгөнөөс бид ямар нэгэн зарцуулалт хийгээгүй байна.
Мөн тэр үед иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг биет эд материалын хандив, тусламжийг ихээр ирүүлсэн. Энэ биет эд материалын тусламжийг бид тухай бүрт нь хэрэгцээт газар нь хуваарилж, хүргүүлж ажилласан.
-Тэгэхээр сайн дурын аян өрнүүлсэн, нэгдсэн иргэдийн зүгээс хандивын мөнгөн тусламжийг нисдэг тэрэг авахад зарцуулах ёстой гэсэн санал санаачилга гаргаж байсан?
-Ард иргэдийн зүгээс гаргасан хандивын мөнгийг нисдэг тэрэг авахад зарцуулаарай гэсэн санал нь Онцгой байдлын байгууллагын нисэх нэгжтэй болох зорилттой нийцэж байгаа юм. Гэвч гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварын зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Нэг ёсондоо хандиваар цугларсан мөнгөн хөрөнгө маань нисдэг тэрэг худалдан авахад хүрэлцэхгүй гэсэн үг. Гэхдээ бид иргэдийнхээ сайхан сэтгэлийн хандиваар цугларсан энэ мөнгийг тун үр ашигтай зүйлд зарцуулах ёстой.
Тийм болохоор энэ хандивын мөнгийг Онцгой байдлын албанд нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулахаар ажлын хэсэг байгуулан тооцоо судалгааг гарган ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллага гадны зээл тусламж болон төр засгийн дэмжлэгтэйгээр чамгүй хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийсэн. Гэсэн хэдий ч аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байгаа юм.
-Тухайлбал ямар техник хэрэгсэл авахаар төлөвлөж байна. Энэ нь ямар ач холбогдолтой талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Бололгүй яах вэ. Бид техник хэрэгслийнхээ судалгааг гаргаад, алба хаагчдынхаа саналыг авч байгаа. Юуны түрүүнд гамшиг осол, ой, хээрийн түймрийн үед урьдчилан тандалт, эргүүл хийх, галын голомт болон тархалтын хэмжээг тодорхойлох, дүрсжүүлсэн бичлэг бүхий мэдээллийг авч үнэлгээ хийх, аврах ажлыг агаараас удирдан зохион байгуулах, гамшигт нэрвэгдсэн болон хүнд өвчтэй хүнийг яаралтай тээвэрлэхэд ашиглах боломжтой жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/ авья гэсэн санал оруулсан. Автожир нь Онцгой байдлын албаны нисэх нэгжийн эхлэл, нөгөө талаас Онцгой байдлын албаны нисэх нэгжид ард түмний зүгээс оруулсан хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм.
Мөн нисгэгчгүй нисэх аппарат авахаар төлөвлөөд байна. Энэ нь Matrice 600 буюу DJI компанийн бүтээсэн хамгийн хүчирхэг дрон юм. Тээвэрлэж буй ачаанаасаа шалтгаалан 18-37 минут нисэх чадалтай бөгөөд хамгийн багадаа 5,5 кг жинтэй ачаатай нисч, 4,5 километрийн цаанаас 60 fps хурдтайгаар 1080p дүрс дамжуулах боломжтой, дулаан мэдрэгч камераар тоноглогдсон учир эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах юм.
Ой хээрийн бүсэд түймэр унтрааж байгаа алба хаагчдын байршлыг тодорхойлох, галын тархалтыг хянах, эм тариа болон бусад бага оврын 5 кг хүртэлх эд зүйлсийг энэ нисгэгчгүй нисэх аппаратаар алба хаагчдад хүргэх боломжтой. Мөн ойн бүсэд төөрсөн, нурангид дарагдсан иргэдийг дулаан мэдрэгч төхөөрөмжөөр илрүүлэн, аврах ажиллагааг шуурхай явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
Дараагийн бидний авахаар төлөвлөсөн техник, тоног төхөөрөмж бол биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур.
Эдгээр нь гамшигт нэрвэгдсэн иргэд, өдөр бүр гамшиг осолтой нүүр тулан ажиллаж байгаа гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай тоног төхөөрөмж юм. Шинжилгээгээр 6-14 төрлийн үзүүлэлтийг 10 минутын хугацаанд шинжлэн гаргах хүчин чадалтай. Гамшгийн голомт дээр очиж шинжилгээ хийж болохоороо давуу талтай юм.
Үүнээс гадна хорт утааны баг, багны бортого цэнэглэгчтэй нь авахаар төлөвлөсөн. Гал түймэр, техникийн холбогдолтой ослын голомт болон эрүүл мэндэд хортой хий, утаа ялгарсанаас амьсгалахад хүндрэлтэй орчинд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нь хорт хий утаанаас хамгаалах баг /багны бортого цэнэглэгчийн хамт/-аар бүрэн хангагдсан байх естой. Гэтэл одоо ашиглагдаж байгаа багнуудын 50 хувь нь элэгдэлд орсон ашиглах боломжгүй болчихоод байгаа юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал шийдэгдээгүйгээс худалдан авалт хийгдээгүй. Тиймээс ийм нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авахад дээрх хандивын мөнгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн тодорхой хэсгийг алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулахад зарцуулахаар төсөвлөсөн.
-Жижиг оврын нисдэг тэрэг Автожир авна гэлээ. Энэ нисдэг тэргийг жолоодох нисгэгч байгаа юу?
-Байгаа. Онцгой байдлын байгууллага өнгөрсөн зунаас л нисдэг тэрэгтэй болох асуудлыг анх ярьж байгаа юм биш. Өмнө нь нисдэг тэрэгтэй болох хэрэгтэй гэсэн санал санаачлага, тооцоо судалгааг гарган төр засагтаа хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөөч ээ гэж хандаж л байсан. Тиймээс бидний зүгээс нэн тэргүүнд боловсон хүчнээ бэлтгэх ёстой гэж үзэн эхний ээлжинд жижиг оврын нисдэг тэрэгний нисгэгчээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагчийг сургаж бэлтгэсэн. Хэрвээ энэ жижиг оврын нисдэг тэргийг авчихвал алба хаагчид маань жолоодоод нисэхэд бэлэн гэсэн үг.
-Өвөл юу юугүй хаяанд тулаад ирлээ. Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын тухайд аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад бэлэн байх зориулалт бүхий улсын нөөцийг бүрдүүлэх чухал үүрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна уу?
-2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын тогтоол, 2017 оны батлагдсан төсвийн хөрөнгө болон борлуулалтын орлогоор төв, орон нутгийн улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өвсний нөөцийн бүрдүүлэлт 62 хувьтай, малын тэжээлийн бүрдүүлэлт 58 хувьтай явж байна. 11 дүгээр сарын 30 гэхэд өвс, тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.
-Нөөц бүрдүүлэхэд тулгарч буй ямар нэгэн хүндрэл бэрхшээл байна уу?
-Энэ жилийн хувьд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь буюу 21 аймгийн 94 сум гантай, 153 сум гандуу зэрэглэлд хүрч, нийт ургацын 70 хувийг алдсан нь улсын нөөц болон аймаг, орон нутгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд гол хүндрэлтэй асуудал болж байна.
Мөн Засгийн газрын хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлээр өвс экспортлохыг хориглосон боловч Монгол Улсын хилээр 2017 онд бэлтгэсэн өвсийг өнжмөл өвс нэрийн дор гаргаж байгаа нь хадлангийн өвсний үнэ болон тээврийн зардлын үнэ өсөхөд нөлөөлж байна. Тиймээс бид өвсний экспортод хориг тавих саналыг Засгийн газарт хүргүүлээд байна.
Жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/Нисгэгчгүй нисэх аппарат MATRICE 600 PRO дрон + дулаан мэдрэгч камерНисгэгчгүй нисэх аппарат /Phantom 4 Pro/
Биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/
Хорт утааны баг, багны бортог цэнэглэгч
“Онцгой мэдээ” сонин