Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь аймгийн нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9, 12-нд ихэнх нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9,12-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багт Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх эмнэлгийн 1 дүгээр давхарт хогийн сав, хаалга, хана шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 06:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 06:14 цагт хүрэлцэн очиж, 00:05 цаг ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс 26 өвчтөнг гаргаж өөр тасагт шилжүүлсэн.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Ширийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ иргэн Б-гийн хашаа, 900 орчим боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 16:40 цагт хүрэлцэн очиж, 11:00 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд зэргэлдээ баригдсан 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 14:21 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:32 цагт хүрэлцэн очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 18 алба хаагч, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалттай ангийн 10 алба хаагч, нийт 40 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 11.07-ны өдрийн байдлаар тус сумын 1, 2, 3, Сүлд, Борхойн багуудын нутаг дэвсгэрээр эрэн хайх ажиллагааг 21:00 цаг хүртэл зохион байгуулж, 11.08-ны өдөр дахин эхлүүлэхээр түр зогсоосон.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Гүн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн тийш 60 км-т/ тус багийн иргэн Э /16 настай, эрэгтэй/ 11.06-ны өдрийн 15:00 цагт саахалт айлдаа очихоор  гэрээсээ гараад /гэрээс нь 1 км зайтай/ сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 11.07-ны өдрийн 15:56 цагт тус багийн “Хонхор шанд” гэдэг газраас /гэрээс нь хойд зүгт 15 км-т/ эсэн мэнд олж ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.

 

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн “Уртын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат иргэн Б /52 настай эрэгтэй/, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Ө /9 настай, эрэгтэй/ нар малчин Ц-гийнхээс сумын төв рүү мал тууж яваад 11.05-ны өдрийн 17:40 цагт сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 18:43  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, орон нутгийн 24 иргэн, нийт 31 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 11.07-ны өдрийн байдлаар тус багийн “Бичигтийн гол” гэдэг газраас /алга болсон газраас 5 км-т/ тууж явсан малыг олсон, ойр орчмын малчин өрхийг бүрэн шалгаж дуусаагүй байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top