Дорноговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

9X1A7036.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр,  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн  Онцгой байдлын газрын дарга, хошууч Л.Тамир нарын удирдлагууд оролцлоо.

 

Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулж нийт 600 гаруй хүн хамрагдав.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт жил бүр Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургуулийг зохион байгуулдаг.

Монгол Улсын Шадар сайдын Аймгуудын засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Архангай аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсан.

Өнөөдөр Дорноговь аймагт эхэлж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь энэ жилийн  Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын хаалт болж байгаагаараа онцлог юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага, сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулдаг.  

Аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн  хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах, авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхээ дүгнүүлэх, гамшгаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр туршиж, удирдах бүрэлдэхүүн гамшигтай тэмцэх чадавхиа дээшлүүлэх мэдлэг, дадлыг эзэмшиж үлддэгээрээ Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургуулийн ач холбогдол оршдог юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top