Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь,  Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 4 ханатай гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 11:26 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:35 цагт хүрэлцэн очиж 00:10 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд  байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 13:31 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 13:40 цагт хүрэлцэн очиж 00:25 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мааньт багийн “Харганы гол” гэдэг газар  / сумын төвөөс хойд зүгт 27 км-т / иргэн Б  /44 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 21:00 цагийн орчим бие засах гэж гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 05:20 цагт хүлээн авч орон нутгийн 7 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын эрэн сурвалжлах хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 автомашинтай тусгай мөрдлөг хийж байна.

Ховд аймгийн Чандмань суманд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дарви сумын чиглэлд 11.06-ны өдөр хүнсний дэлгүүрийн бараа ачсан 63-73 УБИ улсын дугаартай бага оврын ачааны автомашинтай Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч  иргэн Ж /35 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 16:00 цагийн орчим найздаа би “Ховд аймгийн Чандмань суманд явж байна” гэж утсаар холбогдож хэлээд мөн 23:00 цагт  ар гэрийнхэндээ “би хаана яваагаа мэдэхгүй байна зам заалгаад явж байгаа” тухайгаа хэлээд сураггүй болсон дуудлагыг 11.09-ний өдрийн 01:33 цагт хүлээн авч Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн “Уртын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат иргэн Б /52 настай эрэгтэй/, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Ө /9 настай, эрэгтэй/ нар малчин Ц-гийнхээс сумын төв рүү мал тууж яваад 11.05-ны өдрийн 17:40 цагт сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 18:43  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, орон нутгийн 24 иргэн, нийт 31 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 11.07-ны өдрийн байдлаар тус багийн “Бичигтийн гол” гэдэг газраас /алга болсон газраас 5 км-т/ тууж явсан малыг олсон, 11.08-ны өдрийн 10:40 цагт осолдсон газраас урд зүгт 4 км-т “Гурван хөндлөн” гэдэг газраас 2 цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран  багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км-т/ 14-88 ГАҮ улсын дугаартай 8 зорчигчтой ”Istana” загварын  автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 00:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 03:00 цагт хүрэлцэн очиж 00:10 цаг ажиллаж автомашиныг татан гаргах боломжгүй тул тэнд нь орхиж иргэн Т /41 настай, эрэгтэй/, Ө /40 настай, эрэгтэй/, С /27 настай, эмэгтэй/, Х /25 настай, эмэгтэй/, Б /25 настай, эмэгтэй/, С /17 настай, эмэгтэй/, Т /4 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/ нарыг аймгийн төвд авч ирсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 3 зорчигчтой 97-17 БРА улсын дугаартай суудын автомашин цасанд суусан  дуудлагыг 11.08-ны өдрийн 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 08:00 цагт хүрэлцэн очиж 00:10 цаг ажиллаж, автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top