ОБЕГ-ын харьяа ‘Аврагч’ биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны Спортын тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тэмцээний нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ‘Аврагч’ биеийн тамир, техник спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр нар оролцлоо.
Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцож байна.
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны Спортын тэмцээний нээлтийн үеэр Биеийн тамирын ‘ ‘Тэргүүний ажилтан’ тэмдгээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Ж.Алтангэрэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сум дах Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн захирагч, хошууч Д.Хонгор нарыг, Монголын үндэсний олимпийн хорооны ‘Олимпийн алдар’ медалиар Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Төмөрбаатар, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын дарга, ахмад Л.Баянмөнх, бэлтгэл дэд хурандаа Д.Ганболд нарыг тус тус шагналаа.
Мөн ‘Аврагч’ биеийн тамир, техник спортын хорооны ‘Спортын алдар’ тэмдгээр Турк Улсын Измир хотноо болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн баг тамирчдыг шагнасан юм.
Нээлтийн арга хэмжээнд Соёл урлагийн их сургуулийн харьяа ‘Бадмаараг’ сургуулийн сурагчид ая дуугаа өргөж, Монгол Улсын их сургуулийн гимнастикийн баг тамирчид Аэробикийн үзүүлбэр үзүүллээ. Спортын тэмцээн сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж, маргааш сонс эргэлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.