Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, Алтай салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с. 9-11 градус хүйтэн байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан:Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянбулаг багийн иргэн Д-ийн хашаанд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 13:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13:35 цагт хүрэлцэн очиж, 1:28 цагт ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хорооны иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 14:24 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 14:42 цагт хүрэлцэн очиж 00:30 цаг ажиллаж, унтраасан.
Увс аймгийн Тэс сумын иргэн Ц, А нарын 1 өвөлжөө бүрэн шатсан, 1 өвөлжөө нь шатаж байна, салхитай байгаа тул хээрийн түймэр гарч болзошгүй байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 00:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, Тэс сумаас 8 иргэн, 1 автомашинтай нийт 16 хүн, 2 автомашинтай 06:00 цагт хүрэлцэн очиж, 16:33 цагт ажиллаж, түймрийг бүрэн унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч, тус аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар Замын-Үүд сумын төвөөс баруун зүгт Улаанхонхор, баруун хойд зүгт Цагаанхудаг, Шаргын-Овоо гэдэг газар, аймгийн Цагдаагийн газрын 13 алба хаагч, явганаар сумын төвийн 2 дугаар баг, 3 дугаар баг, Борхой багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагаа тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагаа түр зогсоон 11.15-ны өдөр үргэлжлүүлэхээр болсон.
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Хамар-Даваа” гэдэг газар /Улаангом сумаас баруун хойд зүгт 24 км-т, Түргэн сумаас зүүн урд зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн Э /52 настай, эрэгтэй/ 11.12-ны өдрийн 17:30 цагт Түргэн сумаас Улаангом сум руу 40 толгой бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 00:45 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтайгаар 11.14-ний өдрийн 01:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 16:00 цагт тус сумын Баянхайрхан багийн “Урт” гэдэг газраас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Нурангинаас /эрэн хайх аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 3-р хорооны иргэн Э-ийн бичил уурхайн налуу амны 140 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч 4 иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч, ОБЕГ-ын харьяа Уул уурхай аврах ангийн 20 алба хаагч, 3 автомашинтай 16:02 цагт хүрэлцэн очиж, нийт гурван цаг орчим ажиллаж, иргэн Б /30 настай, эрэгтэй/-г 17:27 цагт, иргэн О /32 настай, эрэгтэй/-г 18:00 цагт, иргэн Х /45 настай, эрэгтэй/-г 18:15 цагт, иргэн Б /30 настай, эрэгтэй/-г 18:32 цагт уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР